С.Жавхлан: Надад өрсөлдөгч байхгүй. Миний өрсөлдөгч бол цаг хугацаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

С.Жавхлан: Надад өрсөлдөгч байхгүй. Миний өрсөлдөгч бол цаг хугацаа

 Гавьяат жүжигчин С.Жавхлантай ярилцлаа.

-Энэ
удаа ямар нэгэн хүрээнд баригдалгүй чө­лөө­тэй ярилцья гэж бо­дож
байна. Тэгэхээр ямар ч асуулт тавьсан хариулт заавал авна гэсэн үг шүү?

-Танай сонины олон уншигчийн  цаг завыг ба­рах­гүй  байхыг л хичээх хэрэгтэй байна.

-Цаг
хугацаа барсан сэдэв  нь  таны хувьд юу гэж … Уншигчид таныг одоо юу
хийж байна, цаа­шид юу хийх гэж байна гээд л их сонирхож байна?

-Хүний өдөр тутмын амьдрал, эхнэр хүүхэд гээд ярих нь хэнд ч хэрэггүй зүйл шүү дээ.

-Таны
хувийн амьд­ралыг сонирхдог хүмүүс олон байдаг шүү дээ. Ма­гад­гүй танд
дурласан эмэг­тэйчүүд одоо хэн нэгэнтэй амьдарч байгаа болов уу.
Т.Баясгалантай ямар холбоотой байгаа бол гээд л сонирхож л байгаа?

-Хүнд
цаг хугацаанаас илүү үнэтэй зүйл гэж бай­даггүй. Хайран сайхан ца­гаа
ийм зүйл сонирхож битгий бараасай гэж бодох юм. Би нэг зүйлийг их
гайх­даг. Т. Баясгалан бид хоёр нэг ангийн хүүхдүүд, хоёр дуу хамтарч
дуулснаар яагаад заавал холбогдох ёстой гэж. Бид хамтарч дуулаад ард
түмэндээ хүнд­лэгдсэн. Тэгээд л одоо тус тусынхаа амьдралаар сай­хан
амьдарч байгаа. Тэр эмэгтэй  хүний гэргий бо­лоод үр хүүхэдтэй боллоо.
Бидний хооронд ямар ч асуудал байхгүй шүү дээ.

-Та хоёр “Тоонотой гэрт толгой холбох” гэж байсан юм биш үү?

-Үнэндээ
ямар ч хайр сэтгэлийн асуудал байгаа­гүй. Энэ бүх яриа хүмүү­сийн
гаргасан зүйл. Зарим хүмүүсийн гаргасан хэн нэгний  хувийн амьдралыг
хэт их  сонирхсон яриа, хар хэл ам биднийг хамтарч дуу дуулах нөхцөлийг
хаасан. Одоогоос зургаан жилийн өмнө бид хамтарч уран бүтээл хийхгүй
хэмээн цэг тавьсан. Дэл сул яриа ийм зүйлд хүргэдэг юм билээ. Хүн хүний
амьдралыг хэт их сонирхоод байхаар өөрий­гөө анзаарахаа больж, эрүүл
мэндэд нь сөргөөр нөлөөлдөг .

-Олны сэтгэлд
“Нууц­хан сэтгэлийн үнэн” гэдэг дуу их хүрсэн. Сайхан аялгуутай, үнэн
үгтэй дуу шиг санагдсан. Та санааг нь гаргасан гэл үү?

-Би
А.Сүхбат аваргад зориулж санааг нь гаргаад, үгийг нь зохиосон. Ард
түмнээ баяр­луулах гэсэн хүнийг янз бүрээр ярьсаар байгаа нь эргээд
бидэнд сөрөг нөлөө үзүүлдэг шүү дээ.

-Саяхан та
нөхөн сон­гуульд нэр дэвшээд ам­жилт олоогүй. Та энэ шийд­вэрийг
ганцаараа гаргаагүй байх гэж бодож байна. Улстөрийн хаал­гийг татах
шийдвэр гар­гах­даа зүрх алдаж байсан уу?

-Юунаас
нь айж, зүрх алдах  юм бэ. Хэн ч намайг нэр дэвш гэж санаа өгөөгүй. Би
өөрөө л гаргасан шийд­вэр. Зарим нэг хүн дуучин хүн дуугаа л дуулах
ёстой мэтээр хүлээж авдаг. Тийм хууль хаана байгаа юм бэ. Би яагаад
монгол хүн болж төрснийхөө хувьд эх орны­хоо сайн сайхан амьд­ра­лын
төлөө санаа тавьж, өөрийн дуу хоолойгоо хүр­гэж болохгүй гэж. Хүн нэгэн
хэвийн амьдралаар амь­д­рах ёстой хэмээн бодож сэтгэж байгаа хүмүүс бол
залхуу, зөвхөн өөрийнхөө амийг хичээдэг  байдаг юм.

-Таныг
“Донж”-ийн Б.Тө­гөл­дөр, таны багш Г.Хайдав гуай нар “баа­дуудсан”
гэсэн яриа их гарлаа. Улстөрд орох хүн наад зах нь улстөр суд­лалаар
суралцсан байх ёстой бус уу?

-Би багш АЖ
Г.Хайдав, Б.Төгөлдөр нартай хамтарч ажиллаж, санаа бодлоо хуваалцдаг.
Гэхдээ хэн ч намайг “баадуудаагүй”. Боловсроод гараад ирсэн энэ хүмүүс
юу хийж байгаа юм бэ. Тийм өндөр мэдлэг­тэй хүмүүс юм бол яагаад миний
эх орон ийм байдал­тай байгаа юм бэ. Боловс­рол гэж чухам юу юм бэ.
Дипломоор хэмжих зүйл мөн үү. Үгүй шүү дээ. Их хаан Чингис улстөрийн
ака­деми төгссөн үү, Жанжин Сүхбаатар ямар цэргийн дээд сургууль
төгссөн юм бэ, Ю.Цэдэнбал одоогийн төрийн эрх мэдэлтэн хэ­мээн өөрийгөө
өргөмжилж байгаа хүмүүс шиг Хар­вар­дын их сургууль энэ тэр төгссөн бил
үү. Энэ хүмүүс тэнгэрт нисээгүй, гагцхүү ард олон дундаа орж, амьд­рал
дунд нь байж л эх ор­ноо хөгжүүлсэн.  Манай төрийн өндөрлөгт байгаа
хүмүүс албан тушаалд то­ми­логдон, ийм алба ха­шиж байлаа гэж түүхэнд
бичигдэхийг л хүсч, улс орныхоо эрх ашгийг улан­даа гишгэж байна. Ажил
гэж ерөөсөө ойлгохгүй байгаа нь илт байна шүү дээ.  Өнөөдөр манай улс
Монголоороо л байх ёс­той. Барууны өндөр хөг­жилтэй орныг хэт тахин
шүтээд, тийм орчинг Мон­голын газар шороонд бү­тээн байгуулах гэж
улайрч байгаа нь бүтэхгүй зүйл . Өөрсдийгөө хэзээ ч ол­дош­гүй зөөлөн
суудалд суусан гэж сэтгэн суудлаа тахин шүтэж байгаа дарга нар шувуу
мэт нисэхээ нэг удаа ч болов  болиосой хэмээн уриалмаар байна. Шувуу ч
гэсэн газарт бууж хоолоо иддэг шүү дээ.

-Сүүлийн
үед та мон­гол дээлээр их гоёх бол­жээ. Сонгуулийн үеэр л нэр дэвшигчид
монгол  хувцас өмсч, эх оронч болж харагдах гэж хи­чээдэг болж?

-Би
багаасаа л дээл өмсч, сайхныг нь мэдэр­сэн хүн. Имиж бүрдүүлэх ч юм уу,
хэн нэгэнд таалаг­дах гэсэн зүйл огт биш.  Би эрүүл мэндээ л бодож
байна. Байнга л машинд явдаг хүн бүсээ чангахан бүслээд явж байхад бөөр
доргихгүй, бас тэгээд их дулаахан сайхан байдаг. Сүүлийн үед өвдгөнд яс
ургадаг болж. Дээлээ өмсс­ө­­нөөр ийм өвчин тусахгүй.

-Өдөр тутам монгол дээл өмсдөг болсон гэж дуулсан. Одоо ч олон дээлтэй болоо байлгүй. Халуунд дээл өмсөх хэ­цүү л байдаг?

-Би
өдөр тутам өмсдөг. Тоглолтын өдөр тутмынх нийлээд 20 гаруй дээл байгаа.
Өөрөө захиалаад хийлгэнэ. Зарим хүмүүс оёод өгдөг юм . Манай монголчууд
харин ч дасан зохицох чадвар сайтай учир дээлээ өмсөөд занш­чихад
даараад аль эсвэл халууцаад үхэхгүй гэж би боддог. Харин бид чинь
дотроосоо хөрөөд байгаа юм биш үү.

-Та нөхөн
сонгуу­лийн өмнө УИХ-ын чуул­ганы танхимд төрийн дууллаа зөв дуулчих
хүн байхгүй байна гэж ярьсан. Та төрийн дуу­лал дуулах гэж нэр
дэв­шээгүй байлгүй. Хэрвээ та УИХ-ын гишүүн бол­сон бол хамгийн
тү­рүүнд ямар асуудалд анхаарлаа хандуулах байсан бэ?

-Төрийн
дууллаа зөв дуулах хүн байхгүй  гэсэн үг чинь ёгтолсон утгатай  байсан
юм. Миний мөрийн хөтөлбар хэрэгжээд эхэлсэн гэж би бодож байна.
Залуу­саа зорилготой тэмүүлэлтэй байлгах аян өрнүүлнэ гэж тусгасныг
БСШУЯ-наас эхлүүлчихсэн гэх мэт. Гэхдээ төрийн суудал чухал биш. Хүн эх
орноо гэсэн зөв сэтгэлтэй байвал хаанаас ч ажлаа хийж болно шүү дээ.

Манай
боловсролын сал­барт хийх зүйл их байна. Тухайлбал, манай ангид 30
хүүхэд дуулаачаар суралцаж диплом авсан. Гэтэл өнөө­дөр 5-6 нь дуулж
байна, бусад нь хаачив. Зарим нь сүлжээний бизнес хийгээд, зарим нэг нь
халтуур хийгээд л явж байна. Ийм зүйл байж болох уу. Манай эцэг эхчүүд
мөнгө төлөөд хүүхдээ сур­гаж байгаа бол гараад аж­лын байраар хангадаг
бай­хыг шаардах ёстой. Ажлын байраар хангаагүй бол төл­бөрөө нэхэж
шүүхэд ханддаг болгох хэрэгтэй.   Төрийн буруу үйл ажиллагаа, буруу
тогтолцооноос болж дунд нь иргэд хохирдог. Дээд бо­ловс­ролтой
цэвэрлэгч зөн­дөө л байна. Зөв бодлогоор үүнийг зохицуулах ёстой.Төр
боловсролын хаягдал гаргаж болохгүй шүү дээ.

Хэсэг
хүмүүс үлийн ца­гаан оготно устгах гээд бөөн мөнгө бараад байхад зарим
нэг нь түүнийг устгадаг шонх­рыг нь гадныханд худалдаад байгаа нь
төрийн зөв бод­лого, зөв  ажил мөн үү. Тө­рийн ажил мөнгөөр бус зөв
бодлого, зөв зохион бай­гуулалттай байж л ураг­шилна.

-Үзэл
бодол, мөрийн хөтөлбөрөө бодлого, ажил болгоход төрийн суудал
шаардлагагүй гэж үү. Та төрийн суудалд суух­гүй­гээр нийгэмд тустай
ямар ажил хийж байна даа?

-Би “Хөх Монголын дэг
ёс” нэртэй сонин гаргах гэж байгаа. Энэ сонинд монгол хүн ямар байх
ёстой, монгол ёс заншлын тухай сайн сай­хан бүхнийг гаргах болно.
Удахгүй туршилтын дугаа­раа гаргана.

-Та Монгол
ёс заншлаа  дээдэлж, хүндэлж бай­гаад талархаж байна. Ингэ­хэд монгол
бичгээ хэр сайн мэддэг вэ. Хэн зааж сур­гасан бэ?

-Би
сургуульд байхдаа монгол бичиг сурсан. Уншиж бичиж чадна. Аливаа
үн­дэст­ний чанар чансааг үн­дэс­ний ёс заншил, өв уламж­лалаа яаж авч
үлдэж, яаж хам­гаалж байгаа нь харуул­даг гэж би боддог. Нэг жишээ
хэлье. Тайваньд буунгуут өвөрмөц сонин үндэсний хувцсаа өмссөн хүмүүс
тосч, бүх хүмүүс нь үндэсний хэв шинжийг хадгалсан нь ан­заарагд­даг.
Энэ  нь гадны хүмүүст маш их сонирхолтой байдаг. Монголын газар шороон
дээр орос ч биш, хятад ч биш одоо сүүлдээ солонгос ч биш болчихоод
бай­гаа хүмүүсийн юуг нь  ха­рах гэж гадныхан ирэх юм бэ.

-Уучлаарай
хувийн амьд­ралын чинь  тухай сонирхох хүн цөөнгүй бай­даг. Таныг
эхнэрээсээ са­лаад удаагүй байж “Шу­ран­хай” хамтлагийн н.Но­мин­той
хамт амьдарч бай­гаа гэсэн яриа гарсан байна?

-Миний
хувийн амьдрал хэнд ч сонин биш шүү дээ. Тэгээд ч би хэзээ хаана,
хэнийг хайрлах нь миний эрх. Миний  хувийн амьд­ралын тухай бишгүй л
бич­лээ, хүмүүс ч мэдэж байгаа. Танай сонинд хоёр өгүүл­бэр гарахад
түүнийг хүмүүс унших гэж цагаа барна. Ингэж хүний цаг бар­маар­гүй
байна. Монгол улсаа монголоор нь авч үлдэх тухай ярьж сэтгэж байгаа энэ
үед өчүүхэн Жавхлан миний хувийн асуу­дал юу ч биш шүү дээ.

-Одоо удахгүй шинэ жил болно. Урлагийнхны орлого олдог үе ирлээ. Та нэг дуугаа хэдэн төг­рө­гөөр  дуулдаг вэ?

-Би
өөртөө ханш тог­тоодоггүй. Найз нөхөд тани­лынхаа хүрээгээр очиж дуулж
өгдөг. Шинэ жилээр бус CD гаргаад хэдэн төгрөг олохоороо ойр
дот­ны­хон­доо тараагаад л өгчихдөг. Үнэндээ би ажилгүй, цалин
тодорхойгүй, хошигновол боловсролын хаягдал шүү дээ.

-Одоо ямар уран бү­тээл хийж байна вэ. Ур­лагийнхны нэг хэцүү зүйл нь уран бүтээлийг нь хувилаад зарчихдаг юм билээ?

-Улс
тунхагласны бая­рын өдөрт зориулж  “Өмөл­зөж харамлах нутаг” нэртэй
шинэ дуу гарахад бэлэн болоод байгаа. Клип хий­гээд одоо жаахан ажиллах
л хэрэгтэй байна. Нутаг усаа бусдаас харамлаж, хайрлая гэсэн утгатай
дуу. Саяхан Оюуны өмчийн газ­раас хуурамч CD, хуур­цагнуудыг устгаж
байна лээ. Байнга л ийм сайн хяналттай ажиллаж байгаа­сай гэж бодох юм.
Хүний хийсэн зүйлийг луйвардаж байгаа компанийн нэг “Мобиком” байна.
Ямар ч гэрээ хийгээгүй хэрнээ ми­ний бүтээлийг иргэдэд за­раад байдаг.
Тус ком­па­нитай хийх тэмцлээ үргэлж­лүүлнэ. Хэрэг хуучирдаггүй юм.

-Ойрд
нутгаараа оч­сон уу. Урлагийнхны дунд хөдөө, хотынхон гэ­сэн яриа их
байдаг. Та хө­дөөний хүүхэд учраас үүнийг эсэргүүцдэг л байх?

-Би
нутагтаа л байгаа шүү дээ. Зарим хүмүүсийн яриад байдаг гуу жалганы
үзэлд би дургүй. Би Монгол хүн  л гэж хэлэх дуртай. Бусад залуус маань
ч гэсэн Увс, Дорнод гэлгүй Монгол гэж омогшиж, хайрлан дээ­дэлж яваарай
гэж уриал­маар байна. Миний эмээ цайныхаа дээжийг өргөх­дөө “Дөрвөд
түмний заяа буян дэлгэрэг” гэж ерөө­дөггүй байсан.  Харин “Мон­гол
түмний минь заяа тү­шиг” л гэж залбирдаг байж билээ. Миний аав ч мөн
адил “Увсын зон олон ам­галан байг” гэдэггүй бай­сан.  Тиймээс бидний
цөө­хөн монголчууд жалга дов­ны үзлээ халах хэрэгтэй. Хөдөө хот гээд
ялгаж сал­гаад байгаа хүмүүс ч мөн адил . Ингэж ярьсаар  нэг мэдэхнээ
60 хүрэх вий дээ.

-Ингэхэд таны өрсөл­дөгч хэн бэ?

-Надад
өрсөлдөгч гэж байхгүй. Миний өрсөлдөгч ганцхан зүйл байдаг юм. Энэ бол
цаг хугацаа. Хүн цаг хугацаатай л уралдаж ажиллаж амьдрах ёстой.

-Та баян хүн үү. Сон­гуульд хэн нэгэн та­ныг ивээн тэтгээгүй гэ­сэн. Сонгуулийн ажилд их мөнгө ордог шүү дээ?

-Залхуу
хүн л хэн нэг­нээр ивээн тэтгүүлдэг байх. Хийвэл бүү ай, айвал бүү хий 
гэдэг үг байдаг шүү дээ. Өөртөө л байсан хэдэн төгрөгөө  зориулсан.
Сон­гуульд 16 сая төгрөг зар­цуулсан байна лээ. Би эд мөнгөнд
шунадаггүй хүн. Гагцхүү сэтгэлээрээ л баян байхыг хичээдэг. 
Сон­гуу­лийн үед телевизүүд миний нэвтрүүлгийг гаргахгүй бай­санд би их
гайхсан.

-Та мөнгөө төлөөгүй бол яаж гаргах юм бэ?

-Тэгвэл
яагаад Солон­гос киног ямар ч үнэ төл­бөр­гүй телевизүүдийн 80 хувь нь
гаргаад байгаа юм бэ. Одоо хүүхдүүд “уба, уба” гээд л яриад явдаг болж.
Энэ сайхан зүйл үү.

-Та улстөрд цаашид хүч үзэх
бодол байна уу. Ямар нэгэн намд эл­сэх­гүй бол мөрийн хөтөл­бөрөө ажил
болгоно гэ­дэг тийм амар зүйл биш. 2012 оны сонгуульд бэлт­гэж
боловсролоо дээш­лүүлж байгаа гэж сонссон юм байна?

-Би
байнга л боловсорч байна. Төрөөд хэдэн сарын дараа мөлхсөн, алхсан,
одоо ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хариулахын тулд эх орноо Монголоор
нь авч үлдэх гэж хичээж явна. Манай ард түмний дунд “Цагийн юм цагтаа”
гэсэн үг байдаг. 2012 онд ямар бай­далтай байхыг тухайн үед нь
харцгаая.. Төр барьж байгаа хоёр нам хаашдаа нэр хүнд нь унаж байна.
Зул бөхөхөөсөө өмнө ба­дам­ладаг. Бөхөх гэж байгаа зул руу би ормоогүй
байна. Ард түмэн мөн чанарыг нь ойлгож, хөдөлж эхэлсэн. Өнгө мөнгөнд
хэт их шунаж байгаа хүмүүст хүнд гэсгээл ирэх вий гэж санагдах юм.
Гэхдээ тэдний дунд зөв хүмүүс олон. Монголын заяа их шүү.

-Монгол
хүн өдөр ту­там дээлээ өмсөх хэрэг­тэй гэж та уриалж байна. Даяарчлалын
энэ үед мон­гол дээл өмсөөд, эс­гий гэрт амьдарсаар бай­вал дэлхий нийт
биднийг ямар нүдээр харах бол?

-Харин ч
гайхахаасаа илүү даган дуурайх болно. Бид чинь дэлхий нийтийг дагуулж
явснаас дагаж яваа­гүй шүү дээ. Би монгол зан заншлаараа амьдар­маар
байна.  Ирэх хавраас хотоос зайдуу газар гэрт гарч амьдрахаар шийдсэн.

-Өнөөгийн залуус хо­тын төвд байртай, унах унаатай болохыг хичээ­гээд чадахгүй байна шүү дээ?

-Яагаад
болохгүй гэж. Дэлхийд хамгийн агаарын зөв солилцоотой сууц гэр л байдаг
юм. Гэрт амьдрахад ямар ч асуудал байхгүй. Сайхан шүү дээ. Ингэж хот
руу шавж амьдарснаар бид энэ ханиад гэдэг зүйлд дарлуулаад байгаа биз
дээ.  

-Та цаашдаа  ханьтай, үр хүүхэдтэй  болно. Өнөө цагийн эмэгтэй хүн, хүүхэд чинь гэрт амьд­рахыг хүлээн зөвшөөрөх үү?

-Магадгүй ийм байд­лаас болоод би эхнэрээсээ салсныг ч үгүйсгэхгүй. Мон­гол маягаар амьдрах хүсэл­тэй хүнээ л би ольё.

-Таны
үзэл бодлыг ойл­гон амьдрах хүн бай­гаа гэдэгт итгэж байна. Цаг зав
гарган ярилцсан танд баяр­лалаа. Санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх
болтугай.

Х.Оюунсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж