Соёл урлагийн их сургууль, БНСУ-ын соёлын стратегийн зөвлөх компани “МЕТАА” ХХК, Монголын Урлагийн зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн тал” соёлын наадмыг энэ сарын 11,12-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Тус наадмыг тав дах жилдээ Соёл урлагийн их сургуулийн багш, оюутан, МУЗ, “МЕТАА”-ийн ажилтан зэрэг 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулах юм. Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилан таниулах уг наадам Үндэсний их баяр наадмын нэг хэсэг болох юм.
Соёлын наадмыг зүүн өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэгт тооцож буй зохион байгуулагчид цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулж, олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байгаа юм.
Соёлын наадмын үеэр “Монголын нэг өдөр” гар урлал, “Их Монгол”, “Улаан Жамсран”, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, Монгол үндэстний дээл хувцас зэрэг урлаг соёлын өртөөг ажиллуулахын зэрэгцээ наадмын үйлчилгээнд тусгай зоос гаргах юм байна . Мөн Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн тоглолтыг толилуулан наадамчин олныг баясгах гэнэ.
Соёлын наадмын хамтрагчаар Боловсрол соёл шинжлэх ухааны яам, дэмжигч байгууллагаар наадмыг зохион байгуулах хороо, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар ажиллаж, “Рио Тинто” ХХК, Солонгосын “Кореан Газ” ХХК нар ивээн тэтгэж байгаа аж.
“Сэрсэн Тал” соёлын наадмын хэвлэлийн бага хурал энэ сарын 9-нд 12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд болно.