“MEC”-ийн хувьцааны ханш унав

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, “Mongolia Energy Corporation” (HKG:0276) бүтэн жилийн алдагдал нь шинэ рекорд тогтоосны дараа хувьцааны ханш сүүлийн таван жилийн дунджаас доогуур үзүүлэлттэй гарчээ. “Mongolia Energy Corporation” нь Монгол болон Шинжанд нүүрсний хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг. Монголд “Мо Эн Ко” компаниар дамжуулан Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн нүүрсний ордод олборлолт явуулдаг юм. Хөшөөтийн нүүрсний уурхай нь 460 сая тонн нүүрсний баялагтай. Үүнээс 149 сая тонн нь Австралийн JORC стандартаар тогтоогдсон. Хөшөөтөөс гадна хэд хэдэн хайгуулын лиценз эзэмшдэг. Mongolia Energy Corporation нь 2000 онд Хонконгийн бирж дээр хувьцаагаа гарагасан бөгөөд 2008 онд Хөшөөтийн ордыг өөртөө нэгтгэж, нэрээ өөрчлөн “Mongolia Energy Corporation” болгосон. Хувьцааны нь ханш сүүлийн 1 жилийн хугацаанд тогтмол доошилж байгаа аж. Тус корпорацийн хувьцаа өнгөрсөн мягмар гаригт 15 хувь буюу 35 хонконг центээр буурч, 35.5 центээр арилжаалагдсан нь 2007 оны хоёрдугаар сараас хойшхи хамгийн муу үзүүлэлт юм. Гэвч Хятадын баруун хойд хэсэг дэх Шинжан мужид коксжих нүүрсний эрэлт энэ онд маш эрчтэйгээр нэмэгдэх тул Хөшөөтийн ордоос асар их ашиг орж ирнэ гэж “Mongolia Energy Corporation” Блумберг мэдээллийн агентлагт мэдэгдсэн байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж