Сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтийн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх” төслийн хүрээнд зарласан сэтгүүлчдийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан шилдгүүдээ тодруулжээ. Бүтээлийг өнгөрсөн 2011 оны арваннэг дүгээр сараас энэ оны тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хүлээн авсан юм. Тус уралдаан телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хуудас гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд нийтдээ 70 гаруй бүтээл иржээ. Уралдааныг эрүүл хоол, идэвхтэй хөдөлгөөн, зүрх судасны өвчлөл, архи, тамхины хор хөнөөл, хөх болон умайн хүзүүний хорт хавдар, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр зохион байгуулсан байна.
Телевизийн бүтээлийн төрөлд “MN-25” телевизийн сэтгүүлч Г.Мандахын “Зуу наслаарай”, радио нэвтрүүлгийн шилдгээр МҮОНР-ийн сэтгүүлч Ю.Гантөмөр ахлагчтай баг “Хүү хэдэр үүл мэнд” бүтээлээрээ шалгарсан байна. Сонин, сэтгүүл, цахим хуудасны төрөлд тэргүүн байр эзлэх бүтээл байсангүй хэмээн шүүгчид үзсэн байна. Ингээд дэд байранд “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхтуулын “Эрүүл мэнд” нийтлэл оржээ. Бүтээлийг шалгаруулах ажлын хэсэгт ЭМЯ, Монголын мянганы сорилтын сан, МҮОНР, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын хэвлэлийн хүрээлэн, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд багтжээ.
Д.ЖАРГАЛ