Аваргууд хожигдсон нээлтийн тоглолт

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Аваргууд хожигдсон нээлтийн тоглолт

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Нийслэл лиг”-ийн тэмцээн Эрдэнэт хотноо эхэллээ. Энэ жилийн тэмцээнд найман багийн 170 гаруй тамирчин оролцож байгаа юм. Лигийн эхний өдөр дөрвөн тоглолт болоход өнгөрсөн жилийн аварга “FC Ulaanbaatar” өрсөлдөгчдөө 4:0-ээр хожигдож томоохон шуугиан тарив. Мөн “Presedent cup” тэмцээнд Монголын клубуудыг төлөөлж оролцсон “Эрчим” эхний учраадаа 1:0-ээр хожигдсон байна. Ингээд лигийн нээлтийн тоглолтыг тоймлоё. Лигийн нээлтийн тоглолтод легионер тамирчид өөр хоорондоо хүч үзсэн нь сонирхол татаж байлаа. Тухайлбал, “Хоромхон”-ынхон үндсэн бүрэлдэхүүндээ Япон, Канад, Нигери, Зааны Ясан эрэг улсын хөлбөмбөгчдийг илгээж, Сингапурын тамирчныг сэлгээгээр оруулсан бол өрсөлдөгч “Эрчим” клуб Япон, Сербийн тоглогчдоор хүчээ зузаатгажээ. Тоглолт эхлээд удаагүй байхад “Хоромхон”-ы гол тоглогчдын нэг Ц.Дарамбаяр 30 орчим метрээс хаалттай цохилтоор гоолын салхийг хагалав. “Эрчим”-ийн хаалгач Ариунболд маш том алдаа гаргаж, бөмбөгийг алдсан. Гоол алдсан “Эрчим”-ийнхэн дайрч, хамгаалагчаар тоглож байсан Б.Гарьдмагнайг урагш оруулснаар довтолгоо нь эрс ширүүсэв. “Хоромхон” ч гэсэн харилцан довтолж, эхний үеийг өндөрлүүллээ. Харин хоёрдугаар үед Супер цомын эзэн “Эрчим” илүүтэй довтолж, өрсөлдөгч нь хамгаалалтад гол анхаарлаа хандуулж байв. Гэвч “Эрчим” хоёр ч гоё боломжоо ашиглаж чадалгүй алдсанаар энэ тулаанд ялагдал хүлээсэн юм. Ийнхүү “Хоромхон” клуб Азийн “President Cup” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн “Эрчим”-ээс тун чухал гурван оноо салгалаа. Үүний дараа өнгөрсөн жилийн аваргууд “Хасын хүлгүүд”-д 4:0-ээр бут ниргүүлэв. Ноднингийн амжилтын гол түлхүүр болсон Ардчилсан Солонгосын хоёр легионер нь эзгүй тул хожигдоход хүргэлээ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. “Хүлгүүд”-ийн хувьд Х.Есөн-Эрдэнэ, Ц.МөнхЭрдэнэ гэсэн жигүүрийн хагас хамгаалагчид нь айлын талбайд байн байн нэвтэрч, өрсөлдөгчийнхөө тоглолтын хэмнэлийг алдуулсан. Үүний үр дүнд тэд эхний үед л 3:0-ээр тэргүүлж чаджээ. Улмаар хоёрдугаар үеийн эхэнд тэд дөрөв дэх гоолоо оруулж, эцсийн цэгийг тавьсан байна. Хоёрдугаар үед нийслэлийн багийн Ж.Цацрал, Б.Амарбаясгалан нар довтолгоонд идэвхитэй байсан ч амжилтад хүрсэнгүй. “FC Ulaanbaatar”-ын хашир тоглогч А.Эрдэнэбаяр 26 дахь минутад эсрэг багийн тамирчныг цохиж, улаан хуудсаар торгуулсан нь тоглолтын дүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Өнгөрсөн жил “FC Ulaanbaatar” гарааг мөн тааруухан хийсэн ч солилцооны цонхоор хүчээ зузаатгаж, хоёрдугаар тойрогт ихэнх оноогоо авч байв. Харин Улаанбаатар дээд сургуулийнхан талбайн эзэн “Хангарьд”-ыг 3:2-оор буулган авсан. Тэгвэл “Сэлэнгэпресс”-ийнхэн “Улаанбаатарын Мазаалайнууд”-тай 1:1-ээр эвийн гэрээ байгуулжээ. 

Энэ жилийн лигт оролцож байгаа багуудын товч танилцуулгыг хүргэе.


FC Ulaanbaatar- Өнгөрсөн жилийн Нийслэл Лиг тэмцээний аварга энэ баг Өвөр Монгол, Халимаг улсуудад очиж бэлтгэлээ базаасан бөгөөд Зааны Ясан Эрэг буюу Челсигийн Дрогбагийн нутгийн хүү Эрик Дагрог багтаа элсүүлсэн байна. Хоёр Хойд Солонгос нь багийнх нь бүрэлдэхүүнд байхгүй хэдий ч тэд солилцооны цонхыг сайтар ашигладаг туршлагатай. Залуу авъяаслаг тоглогчид болох Э.Мөнх-Эрдэнэ, Б.Ууганбаяр, Г.Төгөлдөр эгнээгээ элсүүлсэн тэд хашир туршлагатай спортын мастер С.Гэрэлт-Одыг ч Сэлэнгэпресс клубээс урвуулж чаджээ. Тэд энэ жилийн лигт гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна.


Эрчим – 2012 оны Азийн клубуудын “President Cup” тэмцээнд монголын клубуудыг төлөөлөн анх удаагаа оролцоод ирсэн Лигийн хамгийн баялаг түүхтэй энэ клуб бүрэлдхүүнээ шинэчлэх талаар анхаарлаа хандуулжээ. Шигшээ багийн тамирчин Б.Гарьдмагнайг Улаанбаатарын Мазаалайнуудаас, Э.Чинбаатарыг Сэлэнгэпрессээс асван бол ОХУ-аас А.В.Лобсановыг урвуулжээ. Өнгөрсөн жилийн Япон легионер Ё.Минами хөлбөмбөг үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Маш сайн хамгаалалтыг бүрдүүлж чадсан тэдэнд довтлогчийнхоо асуудлыг шийдчихвэл ч бусад багуудад оноо алдах нь юу л болдоо.

Улаанбаатарын мазаалайнууд – 1998 онд байгуулагдсан энэ клубын тамирчид гагцхүү энэ клубтээ сэтгэлтэйгээр бусад клубээс ялгаатай. Яг Италийн Рома клуб шиг. Энэ жилийн Лигийн тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Хоромхон-Хамгийн олон легионер буюу Сингапур, Франц, Канад, Америк, Япон, Нигери зэрэг гадаад тоглогч авсан тэд энэ жилийн тэмцээний гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Орхон аймагт бэлтгэлээ базаасан тэд анхны тоглолтоо Эрчим клубтэй хийнэ. Энэ тоглолтоор тамирчдын хоорондын ойлголцол ямар түвшинд байгааг мэдэж болох юм.


FC Selengepress
– Өвөр Монголд Лигийн бэлтгэлээ базаагаад ирсэн тэд энэ жил залуу тоглогчдоор эгнээгээ өргөжүүлжээ. Ч.Тогтохбаяр, А.Билгүүн зэрэг ирээдүйн залуу тоглогчдоор эгнээгээ өргөжүүлсэн тэд солилцооны шугамаар олон легионер тоглогчид авчрах сурагтай. Лигээс медаль аваагүй уламжлалаа энэ жил үгүй хийж, шагналын тавцанд гарахыг хүсэн ерөөе.

Хангарьд – Орон нутгаас хүрэлцэн ирж оролцох тэд эхний тойрогт ихээхэн анхаарлаа хандуулж байна. Учир нь эхний тойрог Орхон аймагт явагдана. Нигери тоглогч Паул Ибука гурав дахь жилдээ Нийслэл лигт өрсөлдөх бол бусад тоглогчдын ур чадвар дээшилсэн тэд ивээн тэтгэгчдийн итгэлийг алдахгүйгээр өрсөлдөхөөр чармайж байна.

Улаанбаатар дээд сургууль – Багийн бүрэлдэхүүнд онцын өөрчлөлт оруулаагүй ч тэд жил бүр хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн.  Байнгын бэлтгэл сургуулилтын үр дүнд тогтмол амжилтыг үзүүлдэг тэд энэ жилийн лигийн аваргын төлөө өрсөлдөхөөр хичээж байна.

Хасын хүлгүүд – Бүрэлдхүүндээ авъяаслаг тоглогч Есөнтөмөрийг эгнээндээ элсүүлсэн тэд гаднаас Бразили тоглогч Жоро Пола-г авсан байна. Хашир туршлагатай дасгалжуулагч Ц.Энхтөрөөр удирдуулсан тэдэнд довтолгоо болон хагас хамгаалалтандаа анхаарах шаардлагатай.

Б.МӨНХЗУЛ

"СПОРТЫН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж