Саркозийн гэрт нэгжлэг явуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Саркозийн гэрт нэгжлэг явуулав

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози, тэргүүн хатагтай асан Карла Бруни нарын Парис дахь харшид цагдаа нар нэгжлэг явуулжээ. Парисын цагдаа нар авлигын хэрэгт холбогдоод буй Николя Саркозийн харшаас гадна шинэ ажлын байр, түүнийг өмгөөлдөг хуулийн фирмд нэгжлэг явуулсан гэнэ. Цагдаа нар экс-ерөнхийлөгчийн гэрээс авлигын хэрэгт холбоотойг нотлох баримт, бичиг цаас, диск олсон байна. Францын экс-ерөнхийлөгчийг  гоо сайхны “Лореал” фирмийн өв залгамжлагч Лилиан Бетанкураас татвараас хөнгөвчилсний хариуд их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэж байгаа юм. Францын шүүгч Жан Мишель Жентил “Лореал”-ын эзэн, тус улсын хамгийн баян эмэгтэй Лилиан Бетанкурыг ноён ерөнхийлөгчдөө 2007 оны кампанит ажлынх нь үеэр 400 мянган еврогийн авлига өгсөн гэж үзэж байгаа юм байна.

Экс-ерөнхийлөгч хатагтай Лилиан Бетанкурын харшид  олон удаа албан бусаар зочилж байсныг түүний жолооч, сувилагч, үйлчлэгч нар нь гэрчилжээ.  Дээрх авлигын хэргээр Саркозийн үед Сангийн сайд байсан Эрик Воертыг мөн шалгаж байгаа юм байна. Саркозийн өмгөөлөгч түүний өдрийн тэмдэглэл экс-ерөнхийлөгчийн буруугүйг нотолно гэж үзэж байгаа аж.  Учир нь түүний тэмдэглэлд “Лореал”-ын эзэн хатагтайн гэрт нэг л удаа хувиараа зочилсон гэж тэмдэглэсэн гэнэ.

Николя Саркози мөн Пакистанд хууль бусаар зэвсэг нийлүүлсэн, Ливийн удирдагч асан хурандаа Муаммар Каддафигаас их хэмжээний авлига авсан зэрэг хэд хэдэн хэргээр шүүхэд дуудагдаад байгаа юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд социалист Франсуа Олландад ялагдсанаас хойш Саркози эхнэр Карла Бруни, охин Жулиа нарын хамт Парис дахь харшдаа амьдарч байгаа аж. Цагдаа нар өчигдөр түүний гэрт нэгжлэг явуулах үед Саркози эхнэрийн хамт амралтад явсан эзгүй байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж