АН-ын хөтөлбөрийг дэмжих хүчинтэй эвсэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

АН-ын хөтөлбөрийг дэмжих хүчинтэй эвсэнэ

АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, гишүүн З.Энхболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэрээ хэдийгээр бүрэн эрх нь өндөрлөх дөхсөн ч одоогийн Засгийн газар амжиж хуульд нийцэхгүй ажлууд хийж байгааг хэллээ.

Тухайлбал, төмөр зам тавих, бүтээн байгуулалтад зарцуулах зорилгоор Төрийн банкинд байршуулсан мөнгийг иргэдэд өгсөн бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэхээр тарааж байгаа гэлээ. Сонгуулийн дараа маш олон тендэр зарласан, зарим лиценз өгөх, жижиг томилгоо хийх зэргээр яарч байна. Энэ бол боломж тааруу зүйл. Эдгээртэй тэмцэнэ. Үлдсэн цөөн хоногт ийм үйлдэл хийхгүй байхыг МАН-д хэлсэн гэдгийг АН-ын дарга тайлбарлав.

Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН Засгийн газарт аль намтай эвсэх вэ. Хөдөлмөрийн яам, Хууль зүйн яамыг тусад нь байгуулснаар яамдын тоо нэмэгдэх үү?

Н.А: -Аль намтай засагт хамтрахыг хэлэхэд эрт байна. АН бол авлигатай тэмцэх, шударга ёс тогтоох, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих тийм хүчинтэй эвсэнэ. АН-ын хөтөлбөр бол ард иргэдээ сонсч хийсэн амьдрах чадвар сайтай хөтөлбөр. Яамд салгаснаар орон тоо нэг их нэмэгдэхгүй. Нэг л яам нэмэгдэх байх.

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал ажлаа өгсөн гэсэн. Ямар шалтгаантай вэ?

Ч.С: -Ажлаа яагаад өгснөө хамт олондоо захидлаар илэрхийлсэн. Төмөр зам барих байсан мөнгийг Хүний хөгжлийн сангийн мөнгийг хаах зорилгоор хавтгайруулан тарааж хууль зөрчсөн. Иргэдийн нэг сая төгрөгийг гүйцээж өгч чадаагүй. Шинэ Засгийн газар үүнийг цогцоор шийдэх ёстой. Хоёр засаг солигдох завсраар бүтээн байгуулалтын мөнгийг өөр чиглэлд зарцуулах ёсгүй. Дарамт их үзүүлж байсан гэсэн.

Н.А:
-Дарханд Сангийн сайд Д.Хаянхярваа хууль зөрчиж зөвхөн тойргийнхоо иргэдийн нэг сая төгрөгийг гүйцээж тараасан. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг мөн тойрогтоо нэг сая төгрөгийг гүйцээж олгосон. Эдгээр нь хууль бус үйлдэл. АН-ыг сонгосноор шударга ёс тогтох ёстой. Засгийн газар Эрдэнэтээс 100 тэрбум төгрөгийн урьдчилгаа авч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 330 мянган төгрөгийг дарсан.

Ч.С:
– Хуулиар Хүний хөгжлийн мөнгийг ямар эх үүсвэрээс гаргахыг тодорхой заасан байгаа. Зохих газраас 680 тэрбум төгрөг орж ирсэн. Энэ орлого жилээс жилд нэмэгдэнэ. Заасан эх үүсвэрээс бусад газраас мөнгө татах нь хууль бус үйлдэл.

-Яамд хэд байх вэ. Дэд сайд нар байх уу?

Н.А: -Яам нэгээр нэмэгдэнэ. Хуулиараа дэд сайд байгаа. АН өөр хүчинтэй хамтарч Засгийн газар байгуулна. Түүний дараа байдал тодорхой болно. Сонгуулийн дүн эцэслээгүй байна.

-АН дотроо МАН-тай эвсэнэ. МАХН-тай эвсэнэ гэж хоёр хэсэгт хуваагдсан юм уу?

Ч.С: -Энэ бол худлаа. Олуулаа болсон дээрээ ажил хийхээс биш албан тушаал булаалдаж алалцахгүй. Шударга ёс тогтооно. Иргэдээ ажилтай болгоно.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж