Спортын “дуучид” баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Спортын “дуучид” баяраа тэмдэглэв

Жил бүрийн долдугаар сарын 2-ний дэлхийн спортын сэтгүүлчид баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсын хувьд уг баярыг 1994 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм. Тухайлбал, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 1996 онд анх сэтгүүлчдэдээ AIPS-ийн үнэмлэх гардуулж, 2006 онд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жан Мерлог эх орондоо айлчлуулж, 2010 онд хөлбөмбөгийн “World Cup”-ыг анх удаа албан ёсоор Монголын үзэгчдэд хүргэсэн С1 телевизийн хамт олныг урамшуулах зэргээр тэмдэглэж байв. Тэгвэл уржигдар цаг завгүй ажилладаг спортын сэтгүүлчид нэгэн өдрийг хамтдаа хөлбөмбөгийн ногоон талбайд өнгөрүүллээ. Мөн зээрэнцэг шидэлтийн тэмцээн ч зохион байгуулав. Харин орой нь хүндэтгэлийн хүлээн авалт хийж, олимпизмыг сурталчлах үйлст хувь нэмэр оруулсан спортын сэтгүүлчдийг шагналаа. С1 телевизийн Бадрал, “Sport Box”-ын Ууганбаяр, чөлөөт уран бүтээлч Мөнхдаваа, 25 дугаар  сувгийн Соёлсайхан нарыг “Олимпийн алдар”, “Таван цагариг” сонины Сугар-Эрдэнэ “Алтан Очир” одонгоор энгэрээ цоолуулсан юм. Сугараа ахын хувьд Наганогийн олимпийг сурвалжилж байсан.

Дашрамд сонирхуулахад, AIPS-аас хамгийн олон олимпийн наадам сурвалжилсан 100 сэтгүүлчид Лондоны олимпийн үеэр буюу наймдугаар сарын 2-нд нэг бүр нь 300 ам.долларын үнэтэй олимпийн бамбарыг гардуулахаар болжээ. Эдгээр 100 сэтгүүлчийн жагсаалтад манай улсаас өвөл, зуны нийт 10 олимп сурвалжилсан Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Отгонцагаан багтсан байна.

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж