’’Тринозавор батаар’’-ын хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

’’Тринозавор батаар’’-ын хэргийг шалгаж байна

АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байсан аварга үлэг гүрвэлийн олдворыг Монголын говиос олдсон аварга, махан идэшт "Тринозавор батаар" хэмээх үлэг гүрвэл болох нь батлагдаж, эдүгээ АНУ-ын шүүхийн тогтоолоор уг олдворыг буцааж авчрах талаар мэргэжлийн байгууллагууд хөөцөлдөж байна. Харин хууль хяналтын байгууллагууд ямар хүмүүс уг. олдворыг хил дамжуулан гаргасан гэм буруутнууд болохыг тогтоохоор шалгаж байгаа юм.

Хууль хяналтынхны эхний ээлжинд тогтоосон мэдээллээр бол олдворыг АНУ-ын хилээр жижиг, жижиг хэсэг болгон, хэдэн хэсэг хувааж, бүтэн араг яс гэж мэдэгдэхгүйгээр заль зохион гаалийн бүрдүүлэлт хийн оруулжээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд явуулж , байгаа олдворыг гаргадаг байдлаар гаалийн бичиг баримт бүрдүүлэн оруулчхаад, оруулсан хойноо угсраад бүтэн араг яс болгож тавьсан нь тогтоогдоод байгаа юм байна. Угсарч тавихдаа зарим хэсгийг, тухайлбал хавирганы хугархайг өөр зүйлээр орлуулан гүйцээж хийжээ. Уг олдвор Монголоос хэзээ гарсан нь тодорхойгүй, харин 2010 онд АНУ-ын хилээр оржээ. Таамаглаж байгаагаар олдвор Монгол Улс- Япон-Британи, Флорида-Техас- Нью-Иорк гэсэн улс, хотуудын хилийг дамжиж, АНУ-д очсон байх магадлалтай гэнэ. 1999 онд Японд ‘Тринозавор батаар”- тай адилхан үлэг гүрвэлийн олдвор байсныг гэрчлэх гэрэл зургийг хуулийнхан олжээ. Хэрвээ ‘‘Тринозавор батаар” ганцхан Монголын говиос л олддог юм бол 1999 онд Японд байсан уг олдвор эдүгээ АНУ- д худалдагдсан ‘Тринозавор батаар” мөн байх магадлалтай юм. Олдворыг АНУ-ын хилээр оруулсан хүн нь америк хүн аж. АНУ-ын хилээр гаалийн бүрдүүлэлт хийж оруулсан шигээ Монголоос гаргасан байх магадлалтай ч хуулийнхан энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

‘Тринозавор батаар”- ыг буцааж авчрах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхаарал тавьж, олон улсын гэрээ конвенцийн дагуу буцааж авчрахыг БСШУ- ы сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосны дагуу эл ажил хийгдэж байгаа юм. Энэ хэргийг болон цаашид ийм төрлийн хэргийг илрүүлж, шалгах зам мөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон сайд Ё.Отгонбаяр, БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзун нар амжилттай тавьж өгснийг дурдах хэрэгтэй. Хуулийнхан ч энэ хүмүүс энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаад ам сайтай байна лээ. Мэргэжлийн байгууллагын гэх хүмүүс болон хууль бусаар малтлага хийгчид олсон олдворуудаа ард түмэндээ болон дээд газартаа мэдэгдэхгүйгээр хил давуулчихдаг гаж үзэгдлийг таслан зогсоож чадах эсэх нь энэ удаагийн хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж чадахаас ихээхэн хамааралтай болох билээ.

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж