Лондоны олимпийн нээлтийн ёслолд Армений тугийг 83 настай, ЗХУ-ын нэрт гимнастикч асан Альберт Азарян залахаар болжээ. “Манай үндэсний олимпийн хороо ХХ зууны Армений шилдэг тамирчныг сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш” хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн байна. Цагтаа цахилж явсан энэ эр цагаригт дүүжингийн төрөлд өндөр амжилт гаргаж байсан юм. 1952-1962 оны ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд Азарян 11 удаа түрүүлснээс цагаригт наймантаа алтан медаль зүүжээ. 1954, 1958 оны дэлхийн аварга, мөн 1956, 1960 оны олимпийн аварга юм. Зодог тайлсныхаа дараа нэрт гимнастикч Ереван дахь гимнастикийн сургуулийг удирдаж, улмаар олон улсын шүүгч болсон. Түүний хүү Эдуард “Москва-80”-ын гимнастикийн багийн төрөлд манлайлсан түүхтэй. Өдгөө Азарян Армений гимнастикийн холбоог тэргүүлдэг аж.
"СПОРТЫН ШУУДАН" сонин