“Алагдсан” хятад иргэн 10 жилийн дараа амьд байна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

“Алагдсан” хятад иргэн 10 жилийн дараа амьд байна

Зодооны үеэр хутгалуулж амиа алдсан гэж тооцогдсон Хятадын нэгэн иргэн төрөлх хотдоо амьд сэрүүн эсэн мэнд хүрч ирсэн явдал дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орлоо. Энэ нь түүнийг алсан гэгдсэн хүнийг дарамтлах замаар цагдаагийнхан мэдүүлэг авсан байж болзошгүй гэсэн сэрдлэг төрүүлж байна гэж “Reuters” агентлаг Бээжин хотоос мэдээллээ.

Хүн алсан хэрэгт буруутгагдан яллагдсан байсан Zhao Zouhai-г Henan хотын шүүхээс цагаатгаж, өнгөрсөн Бямба гаригт сулласан талаар Хятадын “Xinhua” агентлаг мэдээлсэн. Иргэн Zhao Zhenshang-ыг алсан хэрэгт нь түүнд 29 жилийн ял оноосон байснаас Zhao Zouhai шоронд 10 жилийг нь өнгөрүүлсэн байна. Зодоон болсноос хойш жилийн дараа тэдний тосгоны ойролцоо толгойгүй цогцос олдсон бөгөөд хохирогчийг алсан гэж Zhao байцаалтын үеэр хүлээн зөвшөөрсөн байдаг.
Энэ оны тавдугаар сарын хоёрны өдөр Zhao Zhenshang-ыг нийгмийн халамжийн тэтгэлэг авахаар тосгондоо очиход нь хүмүүс түүнийг танисан байна. Тэрээр зодоон болсны дараа зугатсан, учир нь тэрээр одоо шоронд байгаа Zhao-г зодооны үед алагдсан учраас өөрийг нь баривчлах байх гэж бодсон гэж тайлбарласан байна. Хятадын шүүх систем ял оноохдоо яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг чухал баримт болгож ашигладаг тул цагдаагийнхан хэргийг хаахын тулд сэжигтэнд хүч хэрэглэх сонирхол ихтэй байдаг. Хятадын цагдаагийн газрын мэдэлд байдаг урьдчилан хорих газар өнгөрсөн жил нэлээд хэдэн хүн нас барсан хэрэг гарсан тул урьдчилан хорих газрыг цагдаагийн газрын мэдлээс гаргаж Шүүх яаманд шилжүүлэх хэрэгтэй гэсэн асуудал тавигдаж байгаа.

Дээрхтэй төстэй явдал өмнө нь бас Хятадад гарч байсан. Hubei мужид эхнэрээ алсан хэргээр нөхөр She Xianglin нь ял авч шоронд орсон. She–г буруугүй гэж мэдүүлэг өгсөн хамаатнууд нь мөн худал мэдүүлэг өгсөн хэргээр шоронд орсон. Түүнээс хойш арваад жилийн дараа эхнэр нь амьд сэрүүн байгаа нь ил болж байсан. Түүнээс хойш Хятадын шүүх цаазаар авах ял оноохдоо илүү няхуур болж, аудит хийдэг болсон.
Шоронд орсон Zhao-гийн ах нь “Dahe Newspaper” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр цагдаа нар түүгээр худал мэдүүлэг өгүүлэхийн тулд чилитэй ус уулгаж, толгой дээр нь гал асаадаг байсан гэж ярьсан. Zhao хүн амины хэргээр цаазаар авахуулах дөхсөн ч сүүлд нь түүний цаазаар авах ялыг нь хорих ялаар сольж шийтгэсэн. Шоронд байх үед нь түүний эхнэр нь салж өөр хүнтэй суусан бөгөөд дөрвөн хүүхдийн гурав нь өөр айлуудад өргүүлсэн байна гэж “China Daily” сонинд бичжээ.
 
Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж