Энэ үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс ардчиллын замд орсон 22 жилийн хугацаанд анх удаа ардчилсан төртэй боллоо гэдгийг онцолсон юм. Ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийслэл нь мөн ардчилагчид олонх болсон ИТХ-тай болсон нь анхны тохиолдол юм гэлээ.
УИХ-ын сонгуулиар АН 40 гаруй суудалтай болж болохоор байсан ч Увс, Өвөрхангай, Орхон зэрэг аймагт сонгуулийн луйвар хэрээс хэтэрч одоогийн байдлаар 32-33 суудалтай болоод байна гэсэн юм. Сонгуулийн зөрчлүүдэд холбогдох байгууллагууд нь хяналт тогтоох ёстой ч санууллаа. Нийслэлд АН ялснаар монголчудын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатарын түгжигдмэл асуудлуудыг цэгцлэхээ мөн мэдэгдлээ.
АН-ын дарга Н.Алтанхуяг “АН-ын нуруун дээр томоохон ачаа ирлээ. Одоо монголчуудаа яаж ажилтай орлоготой болгох вэ гэдэг асуудлыг нэн даруй тавина. Юуны өмнө Хөдөлмөрийн яам байгуулна. Авлигатай тэмцэнэ. Шударга ёс тогтооно. Хууль зүйн яамыг дотоод хэргээс салгаж хуулийн өмнө иргэн бүр тэгш байх зарчмыг хэрэгжүүлнэ.
Шинэ хуулиар сонгууль явуулж саналыг автоматаар тоолж, иргэний бүртгэлийг цэгцэлсэн нь сонгууль луйвар багатай явахад том алхам боллоо. Гэвч сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж луйвраар авах гэсэн оролдлого нэлээд гарлаа. Үүнийг холбогдох газраар шийдүүлнэ.
Одоо шинэ УИХ, Засгийн газрыг нэн яаралтай байгуулах хэрэгтэй. Сонгуулиар АН УИХ-д олон суудалтай болсон ч олонх болоогүй. Иймд АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шударга ёс тогтоож авлигатай тэицэх, иргэдээ ажилтай, орлоготой болгох тийм хүчинтэй эвсэнэ” гэлээ. АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хэлснээр шинэ Засгийн газрын Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуяг ажиллах юм байна.