Тавдугаар сарын башёд түрүүлсэн Кёкүтэнхо Нагоя башёд хэд хэдэн дээд амжилтаа ахиулахын төлөө барилдахаа зарлалаа. Тэрээр “Өнгөрсөн сард дээд амжилт гэж бодоод барилдаж байгаад түрүүлсэн. Нагояд ч мөн адил тэгж бодож барилдана” гэж хэлжээ. Одоогийн байдлаар Кёкүтэнхо макүүчи зиндаанд 81 тэмцээнд барилдсан нь Чиёонофүжи, Конишики, Точинонадатай зэрэгцсэн нь сүмогийн түүхэнд долдугаарт бичигдэх амжилт юм. Мэргэжлийн сүмод нийт 802 ялсан нь аравдугаарт бичигдэж байгаа бөгөөд Нагояд тав ялахад есдүгээр байрын Митоизүмиг, 10 ялахад наймдугаар байрын Такамиямаг гүйцэх аж. Мөн ирэх сарын тэмцээний 14 дэх өдөр сүмод ороод 1600 дахь барилдаанаа, сүүлийн өдөр макүүчи дэх 1200 дахь барилдаанаа хийнэ.
Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин