-22-ын товчоогоор нийслэлд орж ирж байгаа махны чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Товчоо нь хөдөө орон нутгаас тээвэрлэгдэж орж ирж буй мал амьтны гаралтай түүхий эд, арьс ширний аюулгүй байдал, чанарт хяналт тавьдаг газар юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн товчоон дээр мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын зургаан байцаагч ажиллаж байна. Баяр наадамтай холбоотой махны үнэ нэмэгдэж байгаа. Тэр ч үүднээс орон нутгаас малыг мах хэлбэрээр оруулж ирэх нь бага байна. Ховд, Завхан зэрэг холын аймгууд малаа амьдаар худалдаалах нь ихэссэн. Уг нь махны энэ замбараагүй байдлыг зогсоохын тулд харъяа дүүргийн Мэргэжлийн хяналтын албаны байцаагч нар амьд малын гарал үүслийн гэрчилгээ, эрүүл ахуйн чанарыг шалгах ёстой. Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжаар бол товчоо орчмын газар нь мал оруулж ирж амьдаар нь худалдаалахыг хориглосон бүс юм. Харин малчид орон нутгаас малаа туугаад товчоон дээр борлуулж, тэр ч бүү хэл нийслэлийн ногоон бүс зуслангийн газруудад тууж ирж байна. Товчоо гэдэг хяналтын газар утгаа алдсан. 22-ын товчооны зам засварт орсон байгаа тул замын ойр орчим улаан шороо босч урдахаа харах нь битгий хэл машин дээр байгаа мах харах боломжгүй байна. Мөн цагдаагийн байгууллага 22-ын товчооноос хүмүүсээ татан буулгасан.
-Товчоогоор хоногт хэдэн тонн мах орж ирж байна вэ?
-Хоногт 40-70 тонн мах оруулж байна. Зүүн аймгууд гэхэд л махны 30-40 хувийг бэлтгэдэг. Зүүн гурван аймаг нэг замаар ирдэг тул хяналт сайн байна. Гэтэл 22-ын товчооны зам засвартай байгаа учраас хаа хамаагүй хяналтгүй дурын газраа байрлаж мах борлуулж байна. Үнэндээ баяр наадам дөхсөн энэ үед маш хүндхэн байдалд орлоо. Ихэнх байцаагч ээлжийн амралтаа авсан. Мөн байгууллагууд сонгуульд анхаарлаа хандуулаад малын тээвэрлэлт, хөдөлгөөнд хяналт тавихгүй байна. Бүртгэгдээд орж ирсэн нь өнгөрсөн жилээс харьцангуй цөөн байгаа.
-Захын гэр хорооллуудад малын замбараагүй худалдаа явагдаад байна. Үүнд хяналт байна уу?
-Нийслэлийн Засаг даргын тушаал гарсан. Шадивлан, Шарга морьтод малаа тууж орж ирсэн малчдыг албадан гаргах шаардлага өгч байна. Бид дүүргийн Онцгой байдал, хорооны Засаг даргад шаардлага өгдөг. Түүнээс биш малчин хүнд шаардлага тавиад ямар ч нэмэргүй.
-Гарал үүслийн гэрчилгээгүй, бичиг баримтаа бүрдүүлээгүй хүмүүст хэрхэн хариуцлага тооцож байна вэ?
-Орон нутгийн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэж ирсэн иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгоно. Гэтэл өнөөдөр хонины өрөөл мах 50 мянган төгрөг байна. Бид хууль хяналтын байгууллагатай хамтарч ажилламаар байна. Сонгуулиар далимдуулаад малчид болон ченжүүд дураараа аашилж эхэлсэн. Малын мах оруулж ирэх хүмүүс гарал үүслийн бичигтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан, лабораторийн шинжилгээтэй байх ёстой. Гэтэл энэ бүхнийг хянах төрийн хяналт мөхөсдөж байна.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин