Түүнтэй VI хороололд байх зүрх судасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бумаа санаа” хувийн эмнэлэгт нь уулзлаа.
-Хүмүүс зүрхний Цэгээнжав гэж ярьдаг л даа. Гэхдээ л таны тухай дэлгэрэнгүй мэдэхгүй болов уу. Та аль нутгийн хүн юм бэ?
-Би Увс нутгийн хүн. Зүүнговь сумын Нарийны голд төрсөн. Багаасаа бусдын нэгэн адил хөдөөгийн борог амьдрал дунд эцэг эхийн хайр халамжинд өсч, сургууль соёлын мөр хөөж өдий хүрлээ. Сайн ханийн буянд өдий зэрэгтэй явна. Ханьдаа, бас бурханд талархаж явдаг даа. Муу хүн эхнэрээ магтдаг гэдэг сонин үг бий. Харин ч сайн хүмүүсийн ард сайн хань, магадгүй өөрөөс нь сайн бүсгүй хүн байдгийг олон хүн хэлэх байх. Миний хань гурван сайхан хүүгийн ээж, дөрвөн хөөрхөн ачийн хайртай эмээ нь. Ард олондоо бол шүдний толгой эмч нарын нэг юм. Одоо “БУМАА САНАА” нэртэй хувийн эмнэлэг байгуулан амжилттай ажиллаж байна. Би хувийнхаа эмнэлэгт зөвлөх эмчээр ажилладаг.
-Хүү тань бас эмч гэсэн үү?
-Том хүү маань ээжийнхээ мэргэжлийг өвлөж сайн мэргэжилтэн болсон. Бэр маань бас эмч. Ер нь манайхны ах дүүсийн дунд арав гаруй эмч бий. Анхны шавыг нь татсан нь бид хоёр юм. Манай эмнэлэг зүрхний чиглэлээр хэвтүүлэн эмчилдэг. Улсын маань өнцөг булан бүрээс биднийг зорин эмчлүүлэхээр ирдэг зон олондоо буян болж байвал, буян нь эргээд бидэндээ ирнэ гэж бодон түмнийхээ эрүүл мэндийн төлөө үсээ бууралтаж, зүсээ гундтал ажиллаж байгаа маань бурхнаас бидэнд заяасан мэргэжил, зурсан зураг гэж залбирч явдаг юм.
-Ахан дүүс дунд ийм олон эмч байх тохиолдол тийм ч элбэг биш байх.
-Бид хоёрыг нөлөөлсөн гэдэг дээ.
-Та саяхан америк эмч нартай хөдөө явж зүрхний хагалгаа хийсэн гэсэн үү?
-Мэс засал хийгээгүй ээ. Үзлэг л хийсэн. Америкийн зүрхний мэс заслын эмч нарын багтай хамт Увс аймаг яваад ирсэн. Багийн ахлагчаар явлаа. Энэ эмч нар манай оронд “Хүүхдийн зүрх” төсөл хэрэгжүүлээд долоо найм дахь жилдээ болж байна. Тэдэнтэй хамтарч хоёр чиглэлийн ажил хийсээр ирлээ. Нэгд урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Монголд хүүхдийн зүрхний гажиг, тархалт ямар байна гэдгийг судалдаг. Аймгуудад бага насны зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд байгаа эсэхийг илрүүлэхийг зорьж үзлэг хийдэг. Энэ удаа Увс аймгийнхны хүсэлтээр очсон. Зочин эмч нар манай нутагт очъё гээд. Тэнд гурван өдөр ажиллаж бага насны хүүхдүүдэд үзлэг хийсэн.
-Зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд илрэв үү?
-Байна аа. Энэ удаа гурван хүүхэд илэрсэн. Орон нутагт “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд үзлэг хийж ийм өвчтэй хүүхдүүдийг илрүүлсэн байсан. Биднийг очих гэж байгаа тухай зарлахын зэрэгцээ гажигтай байж магад гэсэн хүүхдүүдийг оношлуулахаар бэлтгэсэн байлаа. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд олширч байна. Хоёрдугаарт, энэ америк эмч нар жил бүр есдүгээр сард ирж бидэнтэй хамтарч хагалгаа хийдэг юм. Энд хийх боломжгүй хүүхдүүдийг Америкт аваачиж төслийнхөө хүрээнд мэс засал хийдэг. Ахлагч нь Керк Мелхоан гэж сүүлийн арваад жил Монголд ирсэн хүн бий. Тэр 20 орчим мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг ахалж сүүлийн зургаан жил манай улсад ирж бидэнтэй хамтран ажиллаж байгаа юм. Ингэснээр олон хүүхдэд амьдрал дахин хайрлаж байгаа төдийгүй Монголын зүрхний мэс заслын салбар хөгжихөд дорвитой хувь нэмэр оруулж байгаад бид баяртай байдаг.
Бид Увс аймагт сая очихдоо анх удаа зүрхний Эхокардиографийн шинжилгээ хийлээ. Тэнд аппарат байдаггүй юм билээ. Бид нар хоёр эхотой очсон. Зүрхний эхо гэдэг бол зүрхний гажиг илрүүлдэг хамгийн орчин үеийн багаж. Ингэж алс баруун хязгаарт зүрхний эхогийн шинжилгээг анх удаа нэвтрүүлснээр олон арав, зуун хүний 1500 км-ийн холоос нийслэлд ирж зүрхний эход харуулах, эмчид үзүүлэх гэж ирэх зардлыг хэмнэлээ.
-XXI зуунд зүрхний эхо-д харуулах гэж Увсаас Улаанбаатарыг зорих гэдэг хэцүү еэ?
-Байдал ийм л байна.Мөн бид тэнд зүрхний гажгийг газар дээр нь илрүүлж, асуудлыг шийдэж өгснөөр ач холбогдолтой болсон. Мөн өмнө нь биднээр, надаар хагалгаа хийлгэсэн хүн олон байсан. Зүрхний хавхлаг суулгуулсан, титэм судасны хагалгаа хийлгэсэн, зүрхний төрөлхийн гажгаа эмчлүүлсэн гээд. Тэднийгээ ч үзэж зөвлөгөө өгсөн. Энэ удаагийн үзлэгээр хагалгаа хийлгэх шаардлагатай нь тогтоогдсон хүмүүсийн түрүүчийнх нь хотод ирээд байна. Хоёр хүн ирсэн, дахиж тав ирнэ.
-Хүүхдүүд үү?
-Том хүн ч, хүүхэд ч бий. Үзлэгийн байдлаас харахад орон нутагт оношлогооны нарийн багаж тоног төхөөрөмж дутагдалтай байна. Уг нь ядаж бүс бүсэд эдгээр тоног төхөөрөмжийг тавьж өгмөөр байгаа юм.
-Ямар замаар аппарат тоног төхөөрөмжтэй болгох вэ?
-Уг нь биелүүлж ядаад байх зүйл биш лдээ. “Эрүүл монгол хүн” хөтөлбөр нэг талаар зөв арга хэмжээ. Нөгөө талаар байдаг, хийж л байх ёстой үзлэг. Сум, аймгийн эмч нар бүгд үзлэг хийдэг. Гол нь тэдний ажилд ач холбогдол өгч санхүүжүүлдэггүй нь буруу юм. Анх удаа хүн амынхаа дунд ийм урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа мэт ярьж, сурталчилж болохгүй. Бас хавтгайруулдаг нь буруу. Ерөнхий юмнаас үр дүн гарах нь бага. Ер нь Монголд өвчтэй хүн маш олон болжээ. Нэг хүн нэг биш хавсарсан олон өвчтэй болсон байна. Зарим нь өвчнөө мэдэхгүй даамжруулж байна. Мэдсэн ч явж эмнэлэгт хүрч эмчлүүлж чадахгүй байна. Амьдрал ахуй тарчиг, мөнгө зардал үгүйгээс эцэст нь тулгаж ирж байна. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж хэлдэг, өвчилсөн хойно нь илааршуулах асуудал зарим талаар анхдагч урьдчилан сэргийлэлтээс ч илүүтэй тулгамдаж байна. Илрүүлэлт сайн байна, энэ чухал. Харин өвчтэй хүмүүсийг эмчилж, эдгээх нь маш чухал юм. Үүний тулд өндөр үнэтэй аппарат хэрэгтэй. Энэ үүднээс би зүрхний талаас нь яриад байна л даа.
-Орон нутагт зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд олон байгаа нь юутай холбоотой вэ?
-Утаа, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор элбэгшсэн цианит натрийн тархалттай холбоотой гэж үзээд байгаа нь ортой юм. Архи хэтрүүлэн хэрэглэж байгаа, эрүүл бусаар хооллож байгаа, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэх зэрэг хүчин зүйл нөлөөлж байна гэж үздэг. Өнөөдөр бид хүнсний бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг Хятадаас авчирч байна. Бүтээгдэхүүн аюулгүй гэдэг нь баталгаагүй. Аль нь генийн өөрчлөлттэй хүнс юм, аль нь зүгээр юм гэдгийг хянах лаборатори байхгүй. Өнгө алагласан хүнс, жимс идээд л байдаг идээд л байдаг. Аюулгүй байдлын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээр хооллож байгаа эхээс гажигтай ураг төрнө. Мөн хорт хавдар ихэсч байгаа нь ч генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэж байгаатай холбоотой. Хэрвээ хянах лаборатори байгаад шинжилгээгээр тухайн хүнс генийн өөрчлөлттэй нь батлагдвал Хятад руу нь буцаах ёстой. Тэгж хүн амаа хамгаална шүү дээ. Бүхэл бүтэн институтын ажил. Би эмч хүний хувьд санаа зовж хэлж байна. Үүний цаана яаж эрүүл хүүхэд төрүүлэх вэ гэсэн гүн агуулга, утга байгаа юм. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн алсын зорилго нь эрүүл хүүхэд төрүүлэх, эхийг эрүүл байлгах асуудал. Тэгэхээр эцсийн дүнд нийгэм эрүүлжиж байж хүн эрүүл болно. Төрөлхийн гажиг, гаж хөгжлийн тухайд ЭНЭШТ төв зэрэг байгууллага судалгаа хийх хэрэгтэй. Нэг л жишээ хэлэхэд манай улсад дээр үед их ховор байсан дауны синдром өвчин ихэслээ. Дэлхийд монголоидный форм гэж монгол хүний төрхөөр их эвгүйгээр нэрлэсэн өвчин юм. Ийм өвчтэй хүн нүд онигор, ухаан муу байдаг. Зүрхний гажигтайн дээр дауны шинжтэй мэдрэлийн өвчтэй хүн урьд өмнөхөөс олширсоор байга нь харамсалтай. Ухаан санаа, хэл яриа муу, эцэг эхийн асрамжид байдаг хүн илэрхий олон байна.
-Нийгмээ яаж эрүүлжүүлэх вэ?
-Бодлого зөв байх ёстой. Төр бодлогоо сайн боловсруулах хэрэгтэй. Хүнээ боловсруулах ёстой. Боловсролтой гэх авч соёлгүй бүдүүлэг байх л юм бол хүн өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлж чадахгүй. Монголын эмгэнэл энэ. Хэчнээн сайхан өндөр барилга барилаа, орчин тойрон гял цал байлаа гээд хүмүүсийн оюун санаа эрүүл биш байна. Өвчний талаас биш, хүний оюун санааг эрүүлжүүлэх юм хийхгүй байна.
-Клиникийн III эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ачаалал хэр байна вэ?
-Нийтдээ зүрх судасны өвчлөл тэргүүлэх эгнээнд байгаа хэвээр байна. Арга хэмжээ авч л байна. Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Авсан арга хэмжээ үр дүнтэй байна уу, үгүй юу. Яаж бууруулах вэ гэхээр нийгмийн талаас нь эрүүлжүүлэх арга хэмжээ буюу анхдагч урьдчилан сэргийлэлтэд анхаарлаа илүү хандуулах ёстой. Үүнийг түр хойш тавиад өвчилсөн хойно нь эмчилдэг эмч хүний хувьд ганц хоёр зүйл хэлье гэж бодож байна. Өвчилсөн хүмүүс гадагшаа их явж байна. Тэд зөвхөн гуравдагч шатлалын тусламж авахаар явдаг. Тайланд, БНСУ, Сингапур, АНУ болон бусад орон руу явж байна. Үүнийг зогсоох хэрэгтэй байгаа юм.
-Гэхдээ хүн хаана эмчлүүлэх нь өөрийнх нь эрх гэх байх л даа?
-Тийм л дээ. Нөгөө талаар улс орондоо эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Төрийн, намуудын бодлогын хэмжээнд энэ асуудлыг авч үзэж цэгцлэх хэрэгтэй. Жилд бараг 200 зүрхний гажигтай хүүхэд хагалгаа хийлгэхээр явж байгаа байх шүү. Олон улсын “Ротари” клубийн шугамаар төчнөөн хүүхэд гадаадад эмчилнэ гэж намын сурталчилгаа болгон зар тарааж байсан. Одооноос сарын өмнө ч гэсэн ярьж байна билээ. БНСУ-д хэчнээн хүүхэд аваачиж эмчлүүлээд ирлээ гээд. Эрүүл мэндээр хүртэл улс төр хийдэг болсон байна шүү дээ. Монголдоо хагалгаа хийлгэх боломжтой, бид хийх чадвартай байсаар байтал шууд гадаадад аваачиж байдаг. Энэ юу харуулж байна гэхээр толгой, бодлого байхгүйн шинж. Монголын эрүүл мэндийн салбар хэнийгээ гадагшаа явуулах, хэнд нь эндээ үйлчлэх зэргийг ялгаж салгаж тогтоож чаддаггүй. Зарим нь Монголд зүрхний хагалгаа хийдэггүй гэж сурталчилж байдаг.
Сая Увсад очиход л мэдэгдэж байна. БНСУ-д зүрхний төв олон. Тэр төвүүд улсынхаа хагалгаа шаардлагатай хүмүүсийг эмчилж эрүүлжүүлсээр байгаад одоо хүн байхгүй болчихсон. Тиймээс манайх мэтийн хөгжил тааруу орноос өвчтөн хайж явдаг. Монголчуудаас мөнгө авдаггүй байж болно, эсвэл багаар авдаг байх. Харин цаанаа бол өөр. Тэр өндөр үнэтэй хагалгааны санхүүжилт өөр газраас орж ирдэг. Төрийн бус, шашны, буяны байгууллага мөнгө өгдөг. Тэгэхээр тэр эмнэлэг Монголын хүүхдээр санхүүжилт олж байгаа биз дээ. Монголын өвчтэй хүүхдүүдээр бизнес хийж байна. Нэг талдаа сайн боловч, нөгөө талаас нь аваад үзэхэд тэр эмнэлгийн санхүү сайжраад байдаг. Одоо ер нь дэлхий нийтийн бизнесийн нэг, хоёр номер нь эрүүл мэндийн салбарын бизнес болчихсон шүү дээ. Увсад БНСУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажиг илрүүлэх үзлэгээр явж байсан. Бүр байсаар байтлаа бүхэл бүтэн улсын нийслэлээс нь халиад аймаг орон нутагт оччихсон өвчтэй хүн хайгаад, үнэ төлбөргүй хагалгаа хийж өгье, та нар зөвхөн ирэх, очих зардлаа л даа гээд явж байдаг.
-Арай хэтэрч байна гэж үү?
-Энэ бол Монголын бодлогогүй, салан задгай байдлыг ашиглаж өвчтэй монгол хүнээр бизнес хийж байгаагийн илрэл. Нэг талаас харахад өвчтөнд тустай сайн үйлс мэт харагдаж байгаа боловч цаанаа бизнесийн агуулгатай эрэл хайгуул, олон улсын зүгээс Монголд орж ирэх санхүүжилтийг дундаас нь авчихаж байна гэсэн үг. Тэгэхээр тэр гадаадад байгаа сайн нөхцөлийг Монголдоо бий болгох ёстой юм. Одоогийн байдлаар манай улсын зүрхний мэс заслын орчин нөхцөл өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрээгүй байна. Нөхцөл бүрдвэл бид бүгдийг хийж чадна. Чадахгүйгээ ч чаддаг болно. Нөхцөл сайжруулахын тулд мөнгө хэрэгтэй. Тэргүй бол 30-40 мянган ам долларын үнэтэй аппарат авчирч ажиллуулж чадахгүй. Үүнд төр санаа тавих ёстой. Өнөөдрийн байдлаар Монголд зүрхний мэс засал гаднын тусламжид дулдуйдсан байдалтай байна. Америкаас ирүүлсэн багаж тоног төхөөрөмжийн тусламжаар ажлаа явуулж байна. Гадаадын эмч нар ирээд гайхдаг. Яагаад төрөөс чинь та нарт мөнгө өгдөггүй юм бэ гэж асуухад нь хэлэх олддоггүй. Ганцхан зүрх гэлтгүй тархины гэх мэтийн өндөр өртөгтэй хагалгааг эх орондоо хийх хэрэгтэй. Ямар хүмүүс гадагшаа явж хагалгаа хийлгэдэг вэ гэхээр гуравдагч шатлалын дээд зэрэглэлийн тусламж авах хүмүүс явдаг. Асар их хэмжээний мөнгө зардаг. Түүнийг аль болохоор Монголдоо хийе гэж байгаа юм. Төр бодлого, санхүүгээр дэмжих хэрэгтэй. Гадаадад хийдэг 30 мянган ам долларын өртөгтэй хагалгааг бид үнэгүй хийж байгаа. Ингэж болохгүй. Үнэгүй хийвэл хагалгаанд хэрэглэж буй тэр өндөр үнэтэй аппарат хэрэгслийн өртгийг төр хангах ёстой. Тэгэхээр үнэгүй хийх гэж байгаа бол санхүүжилтийг нь шийдсэн байх ёстой. Эсвэл даатгалаар 100 хувь, үгүй бол өвчтөний халааснаас ав. Тэгтэл хүний халааснаас ядуу гээд мөнгө авч чаддаггүй. Хэрвээ тэгж үзээд өвчтөнөөс мөнгө авч чаддаггүй юм бол төр даах ёстой. Төр эрүүл мэндийн даатгалын журмаар төлөх ёстой. Даатгалаар бүрэн гүйцэд санхүүжилт өгч чадахгүй бол төр нэмэлт санхүүжилт өгөх ёстой. Бөөр шилжүүлэн суулгах хагалгааны тодорхой хувийг төр хариуцдаг болсон, мөн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд төрөөс нэмэлт санхүүжил өгөх тухай яригдаад дэмжигдэж байх шиг байна. Үүн шиг зүрхний хагалгааны тухайд ч гэсэн санаа тавих цаг болсон.
-Бөөр, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд төрөөс мөнгө өгөх болсон хэрнээ зүрх, тархины мэс заслыг орхигдуулаад байгаа юм байна, тийм үү?
-Тийм. Уг нь цогцоор нь шийдвэл үр дүнтэй.
-Та нар олон жилийн өмнөөс зүрхний мэс засал хийж ирсэн, тэгээд ч амжилттай байдаг болохоор болж байна гэж үзээд орхигдуулаад байдаг юм болов уу?
-Магадгүй. Гэхдээ бөөр элэг чухал, тархи зүрх гайгүй гэж ялгаж болохгүй. Төр үнэ төлбөрийг хариуцдаггүй юм бол төлбөртэй болгох ёстой гэж үздэг мэргэжилтнүүд бий. Би үүнийг дэмждэг. Нөгөө талаас манай монголчууд Бээжинд очоод хэдэн арван мянгаар нь доллар өгч чадаад байдаг хэрнээ Монголдоо болохоор өгөхөө байчихдаг.
-Гадаадын эмч нар сайн гэж үздэг хэвээр байна уу?
-Гадаадад биднээс дор эмч нар байдаг. Гэтэл тийм хүмүүст болохоор итгэдэг, эмчилгээний зардал өгч болдог мөртлөө монгол чадварлаг эмч нарт өгч болохгүй.
-Энэ нь нөгөө талаас эрүүл мэндийн салбар зах зээлд гүйцэд ороогүйтэй холбоотой байх?
-Үнэн. Эмч нарын тухайд үнэгүй юм гээд чанаргүй хийх эрх байхгүй. Адаглаад л эмч хүнээ айхавтар боддоггүй юм гэхэд өөрийгөө бодно. Нэр хүндээ бодно. Америкт 30 мянган ам доллараар хийдэг хагалгааг би өнөөдөр үнэгүй л хийж байгаа. Асар их ялгаатай байгаа биз. Хэдий болтол ингэж явах юм бэ. Орост л гэхэд өндөр өртөгтэй хагалгаа бүгд үнэтэй болсон. Монголд удахгүй хүссэн хүсээгүй төлбөртэй болно л доо. Хазаарлаж болохгүй. Монголчуудын нэг хэсэг нь зах зээлд ороод хөгжих гээд байдаг. Гэтэл зарим хэсэг, тухайлбал эрүүл мэндийн салбар зах зээлд ордоггүй. Социализмын зарчмаар зүтгүүлээд байдаг. Энэ тогтолцоог задлах ёстой. Би мэс засал үнэ төлбөртэй хийж өөртөө мөнгө хураах гээд байгаа юм биш, харин нөхцөлийг сайжруулаад хагалгааг зохих ёсны төлбөртэй болгоод зүрхний мэс заслыг шинэ түвшинд гаргахын төлөө л яриад байна. Одоо бид ямар нөхцөлд ажиллаж байна гэхээр дандаа дутмаг юман дээр ажиллаж байна. Болгоод байхаар болоод байна гэж боддог. Бид асуудллаа тавьдаггүй маань бас буруу байх. Би 1985 оноос хойш зүрхний мэс засал хийж байна. П.Нямдаваа сайд нэг удаа манай ажилтай танилцсанаас өөрөөр салбарын сайд, дарга бидний ажлыг сонирхож байсан удаагүй. Эмнэлгийн дарга нар дээш нь асуудал тавихдаа эмнэлгээ хамгаалж, болохгүй бүтэхгүй байгаагаа аль болох дарж ярина. Суудлаасаа салчихгүйн тулд үнэн мөнөөр нь хэлдэггүй. Тэгэхээр салбарын удирдлагууд нэгж дээр, мэс заслын ширээн дээр байдал, асуудал ямар байгааг мэддэггүй. Иймэрхүү, Монголд хаа сайгүй байдаг нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт, ялангуяа зүрхний мэс заслын талбарт он удаан жил хэвээрээ хадгалагдаж байна даа.