“Ээлжит засвараа цагт нь хийдэггүйгээс зам эвдэрдэг”

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

“Ээлжит засвараа цагт нь хийдэггүйгээс зам эвдэрдэг”

Зүүн аймгуудыг Улаанбаатар хоттой холбодог чухал зам бол Өндөрхаан-Улаанбаатар чиглэлийн зам юм. Гэтэл энэ зам ихээр эвдэрснээс жолооч болон зорчигчид  цаг алдахаас  гадна осолд өртөх, амь насаа алдах аймшигтай эрсдэл дунд зорчдог болсон. Энэ замын талаар Авто замын газрын Замын ашиглалт, засварын удирдлага, хяналтын хэлтсийн дарга Н.Батсууриас тодрууллаа.

-Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто зам хэдэн онд ашиглалтад орсон бэ?

-Хэнтий чиглэлийн 306 км зам бий. Энэ урт замыг нэг жилд тавиад дуусчихна гэж байхгүй. 1997 оноос 2006 он хүртэл замын ажил явагдсан. Ерөнхийдөө 1997 онд 50.8 км, 2003 онд 36 км, 2006 онд таван км, 2005 онд 112 км зам тавьсан байдаг. Тус замыг олон компани  тавьсан. Тухайлбал, Япон улсын буцалтгүй тусламжаар тавьсан “Эрдэнэ зам” ХК-ийн зам, “Төв зам”, “Насны зам”, “Монроуд” компани гэх мэт. Одоо энэ зам хагарсан, зорчиход хүндрэлтэй болсон тал бий.

-Энэ чиглэлийн замд засвар хэзээ хийсэн бэ?

-Засварын ажил бол ямар ч замыг ашиглалтад хүлээж аваад л урсгал засвар явагдаж эхэлдэг. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд 2009 онд 273.3 сая, 2010 онд 288 сая, 2011 онд 341 сая төгрөгийн засварын ажил хийсэн. Энэ онд 388.8 сая төгрөгийн засварын ажил хийхээр төлөвлөөд тендерийг нь зарласан. Одоо үнэлгээний ажил явагдаж байгаа. Улсын чанартай авто замуудын засварын ажлуудын хөрөнгийг улсын санд төсөвлөж өгдөг. Энэ хөрөнгө нь зөвхөн урсгал засвартаа л хүрэлцдэг. Төсөв бага учир ямар ч замыг шинэчлэн их засвар хийх боломж гардаггүй.

-Өндөрхаан чиглэлийн зам ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй гэсэн үг үү?

-Ер нь бол хатуу хучилттай замд 13 жилд нэг удаа их засвар хийх учиртай. Мөн дөрвөн жил  тутамд ээлжит засвар тогтмол хийх ёстой. Энэ засвар нь элэгдлийг нөхөх, сайжруулах засвар шүү дээ. Гэтэл Өндөрхаан чиглэлийн зам гэхэд 15 жил болж байхад урьд нь нэг ч удаа их засварын ажил хийж байгаагүй. “Монроуд” ХХК-ийн Дуутын даваанаас Өндөрхаан хүртэл 2005 онд тавьсан 55 км зам гэхэд долоон жил болж байхад ээлжит засварын ажил нь ч хийгдээгүй байна. Ер нь бол 1997 оноос хойш их засвар байтугай дөрвөн жилийн ээлжит засвар аль ч замд хийгдээгүй байгаа. Зөвхөн хагарал, эвдрэлтэй газруудад нь л нөхөөс тавьж ажиллаж байна. Ээлжит засварынх нь ажлыг цаг тухайд нь хийхгүй байгаа болохоор замын эвдрэл, хагарал их гардаг. Улсын төсөвт зам засварын чиглэлээр суулгадаг хөрөнгө маш бага. Монгол Улсын хэмжээнд 12657 км замын нөхөлтийн урсгал засварыг л дөнгөж хийх хэмжээний мөнгө төсөвлөдөг.

-Энэ чиглэлд хамгийн их эвдрэлтэй хэсэг нь аль хэсэг байна вэ?

-Налайх-Агуутын хөтөл чиглэлийн 24.1 км зам анх Хэнтий аймаг руу явах замын хамгийн анх 1997 онд ашиглалтад орсон хэсэг. Энэ хэсгийн зам хамгийн их эвдрэлтэй, ашиглахад хүндрэлтэй болсон. Тиймээс энэ жил их засварт оруулах гээд тендер зарласан байгаа. Их засвар бол тухайн замыг бүрэн шинэчилнэ гэсэн үг. Улсын төсөвт хөрөнгө, мөнгө нь тусгагдсан. Үүнээс цааш бусад замуудад хагарал, эвдрэл, шуудууны зэрэг урсгал засварыг хийнэ.

-Зам эвдрэхэд юу хамгийн их нөлөөлдөг вэ?

-Ээлжит засвараа цаг тухайд нь хийхгүй байгаа нь их нөлөөлж байгаа. Мөн уул уурхайн компани зэрэг хүнд даацын автомашин их зорчиж байгаатай холбоотой. Уг нь бол хүнд даацын машин зөвхөн үйлдвэрлэл явуулж байгаа газартаа тусгай замаар зорчих ёстой. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр тавьсан энгийн зам дээгүүр яваад байдаг. Энэ нь эвдрэлийг асар ихээр нэмэгдүүлдэг.

Ч.БОЛД

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж