-Брокер, дилерийн компаниуд болон Монголын хөрөнгийн биржийн хооронд үл ойлголцол үүссэн гэсэн. Ямар асуудлаас болж ийм байдалд хүрэв?
-Монголын хөрөнгийн биржийн арилжааны системийн төлбөр тооцоо хийх процесс хоёр хоногийн өмнөөс Т+3 горимд шилжсэн. Бид сүүлийн дөрвөн сард энэ системийг туршилтаар ашигласан. Энэ хугацаанд гарсан алдаа дутагдлыг засч залруулах талаар бид өнөөдрийг хүртэл ярьж байгаа. Гэсэн ч шийдэж чадаагүй зарим асуудал одоог хүртэл байна. Тухайлбал, төлбөр тооцоог гүйцэтгэх банк, брокер, дилерийн компаниудын хооронд харилцагчдын хооронд дансыг ямар шугамаар нээх, үүнд үүсэх элдэв хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудал нь тодорхой бус байгаа. Данс нээнэ гэсэн тогтоол гаргасан төлбөр тооцоог яаж хийхийг огт зохицуулаагүй. Энэ нь банкинд чирэгдэлтэй бөгөөд үүнийг дагаад төлбөр тооцооны үйлчилгээний хураамж нэмэгдэхэд хүрлээ. Уг нь онлайн болсноор бүх юмны өртөг буурна гэж төсөөлж байсан. Гэтэл шимтгэлийн хураамж санаж байснаас ч өндөр болох гээд байна. Тэгэхээр харилцагчаас авч байгаа нь ч, бусад пүүсийн төлөх төлбөр нэмэгдэхэд хүрээд байна.
-Ойролцоогоор хэд орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа вэ?
-Өмнө нь шимтгэлд жилдээ 2-3 сая төгрөг төлдөг байсан. Одоо 20-50 саяыг давчихаар их хүнд байдалд орно биз дээ. Энд гарч байгаа гол ойлголт нь Монголын хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Төлбөр тооцоо гүйцэтгэх банкууд энэ хооронд төлбөр тооцоог яаж хийх вэ, харилцагчийн дансыг яаж нээх вэ гэдэг нэгдсэн ойлголт өнөөдрийг хүртэл байхгүй. Банкууд данс нээснээс болж харилцагч бүрээс сар бүр төлбөр авна гэж байгаа. Түүгээр зогсохгүй данс хөтөлсний шимтгэл хураамж авна, барьцаа хөрөнгө байршуулна гэсэн ойлголтууд одоог хүртэл шийдэгдээгүй. Харин өчигдөр банкнаас албан ёсны мэдээ авлаа. Гэвч үүнд барьцаа хөрөнгийн тухай тодорхой дурдаагүй байна билээ. Өмнө нь барьцаа хөрөнгө авна гэж ярьж байсан иргэд авахаа больчихсон юм уу, яасныг бүү мэд. Ямартаа ч уг бичигт төлбөр тооцооны хураамжийг 500 төгрөгөөр тогтоосон байсан. Өөрөөр хэлбэл, харилцагч бүрийн данснаас мөнгө орлоо, гарлаа гэх бүрт 500 төгрөг авна гэсэн үг. Данс нээлгэх тухайд хуучин журмаараа нээнэ гэсэн байсан. Мөн барьцааны дансанд харилцагчаас мөнгө байршуулна гэж ярьж байсныг болиулж, пүүсүүдээс мөнгө байршуулахаар болжээ. Тухайн өдөр 100 сая төгрөгийн арилжаа хийлээ гэхэд түүний 30 хувь буюу 30 сая төгрөг байршуулна гэсэн үг. Энэ мөнгө брокерын пүүсээс шилжинэ. Гэтэл 100 сая төгрөгийн гүйлгээ нь харилцагчийн гүйлгээ. Харилцагч 30 хувиа байршуулах ёстой шүү дээ. Гэтэл брокерын пүүс харилцагчийн өмнөөс 30 сая төгрөгийг гурван хоног байршуулна. Тэр мөнгө өөр зүйлд ашиглагдаж, эргэлтэд орж байх ёстой. Гэтэл энэ горимыг тогтоогоогүйгээс бидний дунд үл ойлголцол бий болсон.
-MIT системийг албан ёсоор ашигласан өдөр тавхан брокер ажиллаж, бусад нь ажил хаялт зарласан гэсэн. Дээрх асуудлаас болж брокерууд ийм алхам хийсэн юм уу?
-Яг ч тэгж хэлж болохгүй юм. Шинэ систем ашигласнаар арилжааны хэмжээ нэмэгдэж, зардал буурна гэсэн боловч харин ч эсрэгээрээ зардал өссөн. Энэ болгоныгоо тодорхой болгооч ээ. Тэгээд цогцоор нь хандъя гэсэн. Гэтэл үүнийг тодорхой болгох нь бүү хэл үүнийгээ бүрэн ойлгох ч үгүй байж, ямар ч байсан эхэлье гээд эхэлж байгаа. Эхлэхдээ гурван сарын турш 100 хувь мөнгөө байршуулаад явъя. Ямар ч байсан шинэ систем ашиглаж эхлүүлсэн гээд цан цохиод ажиллая гэж байгаа. Миний хувьд брокерын пүүсүүддээ бүгдээрээ үүнд идэвхтэй оролцоорой, гэрээ байгуулаагүй бол гэрээгээ байгуулчих, нарийн асуудлуудаа тодорхой болгочих гэж хэлж байгаа. Пүүсүүд Хөрөнгийн биржтэй гэрээгээ байгуулчихсан, арилжаанд оролцоход бэлэн байгаа. Харин төлбөр тооцоо гүйцэтгэх банкуудтайгаа гэрээгээ хийж чадаагүй учраас бид тэр өдрийн арилжаанд оролцож чадаагүй. Түүнээс албан ёсоор арилжаа хаясан юм биш.
-Гэрээгээ хийж чадаагүй хэчнээн брокер, дилерийн компани байгаа вэ?
-Ямартаа ч шинэ системийн анхны өдөр 78 брокер, дилерийн компани арилжаанд оролцох ёстой байсан ч тэдний тав нь л оролцсон. Үүний гурав нь банкны охин компани байсан. Тухайлбал, “Хас” банктай түншилдэг “Тэнгэр даатгал”, “Голомт” банктай түншилдэг “Голомт сикрит”, Худалдаа хөгжлийн банктай түншилдэг “TDB капитал” байсан. Мөн BDC, Понтер хоёр арилжаанд оролцсон. Бусад нь гэрээгээ хийгээгүй байсан гэж ойлгож болно.
-Манайх Т+3 горимынхоо сонгодог зарчмаар ажиллаж чадахгүй байгаа юм байна шүү дээ?
-Чадахгүй байгаа. Яагаад гэвэл 100 хувь мөнгөө байршуул гэснээс илүү тодорхой зүйл алга.
-Багагүй хугацаанд энэ системийг туршилтаар ашиглаж байсан шүү дээ. Энэ хугацаанд ашигтай ажиллах гарцыг олох боломж байгаагүй юм уу?
-Туршилтын хугацаанд гарсан алдаануудыг ерөнхийд нь бүгдийг нь зассан. Гол нь энэ программыг цогцоор нь ажиллуулж туршигдаагүй байсаар байгаад өнөөдрийг хүргэчихлээ. Одоо банк орж ирснээр цогцоороо ажиллах боломж бүрдэж байна. Гэхдээ туршилтын хугацааны сүүл үед богинохон хугацаанд цогцоороо ажилласан. Банкин дээр бага зэрэг алдаа гарч байна гэсэн дүн гарч байсан. Алдаанууд засагдаагүй байна гэж байсан. Гэхдээ ямартай ч өмнө нь барьцаа хөрөнгийн талаар, харилцагчийн данс нээх зэрэг асуудлыг шийдэж өгөлгүй эхэлчихээд байна.
-Туршилтын хугацаанд гарсан алдаа засагдаагүй байгаа гэлээ. Хөрөнгийн бирж энэ байр сууриа хадгалсаар байвал цаашид шинэ системийг ашиглан, үйл ажиллагаагаа явуулах боломж нь хэр байгаа вэ?
-Энэ систем найдвартай ажиллана гэх итгэл сул байгаа. Яагаад гэвэл системийн өөрчлөлттэй холбоотой эрхзүйн зохицуулалт дутмаг байна. Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой шийдвэрүүд нь нарийн гараагүй. Тиймээс бидний бэлтгэл муу гэж хэлэх байна.
-Мөн MIT үйлчилгээ нэвтрэхээр олон улсын хөрөнгийн биржүүдтэй харилцаж эхэлнэ шүү дээ. Үүнд манай брокер, дилерүүд бэлэн үү?
-Олон улсын санхүүгийн зах зээл рүү орж, холбогдон ажиллахад системийн хувьд ч боловсон хүчний хувьд ч бэлэн бус. Магадгүй мэргэжилтнүүд мэдээлэл муугаас системээ бүрэн шалгаагүй байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Харин миллиниум IT системийн арилжааны программыг найдвартай ажиллана гэдэгт илтгэлтэй байна. Учир нь олон улсын хөрөнгийн биржид ашиглагдаж байгаа шүү дээ. Төлбөр тооцоо хийдэг миллиниум CST программыг харин баталгаатай ажиллаж чадна гэдгийг баталж чадахгүй. Учир нь Монголд анх удаа ашиглагдах гэж байна. Тэгэхээр онлайн болно гэдэг дор хаяж дахиад нэг жилийн дараах асуудал. Тэр үед л олон улсын хөрөнгийн биржүүдтэй холбогдох байх.
-Брокерууд хэзээнээс ажилдаа орж, Монголын хөрөнгийн биржийн арилжаа хэвийн явагдах вэ?
-MIT систем нэгэнт цан цохиод эхэлсэн учраас бүх брокер, дилер арилжаандаа оролцоно. Банкуудтай сайн тохирч гэрээ хийнэ гэж бодож байгаа. Тэгээд арилжаа хэвийн явагдах байх. Харилцагчдадаа брокерын пүүсүүдэд болж баaгаа асуудлуудыг аль болохоор түргэн шуурхай хүргэхийг хичээнэ. Яг одоогийн байдлаар бид өөрсдөө системээ бүрэн ойлгоогүй байж ийм, тийм гэж хэлэхэд хэцүү байна. Тиймээс хаа хаанаа хүлээцтэй байх хэрэгтэй байна гэж хэлмээр байна.
Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин