Дээрх давтамж нь дэлхийн эдийн засагт нэлээд сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй болоод байна. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчид мөнгөө найдвартай газар хадгалах үүднээс их хэмжээний алт болгон хувиргасан ч эдгээр нь ханшаа алдах эрсдэлтэй тулгарч буй. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийг хөдөлгөх чадалтай, хөрөнгөтэй байгууллагуудын санхүүгийн чадамж суларна гэсэн үг. Эндээс хөрөнгө оруулагчид нэг чухал зүйлийг анзаарч буй нь алт найдвартай хөрөнгө оруулалт биш болсонд оршиж буй. Дэлхийн зах зээлд алт арилжаалагчид худалдаж авсан алтаа ихээр бодоход хоёр хоног хадгалж, цааш нь борлуулан, ханшийн зөрүүнээс ашиг олж ажиллахаас өөр арга үгүй болж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн таагүй бөгөөд тодорхойгүй нөхцөл байдал дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж буй.
Богино болон дунд хугацаагаар алтыг хадгалах нь эрсдэл дагуулж байгаа бол “Bank of America”-гийн шинжээч МакНейл Күрригийн тооцоолсноор урт хугацаагаар алт хадгалах нь хамгийн эрсдэлгүй хийгээд шилэгдмэл сонголт болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, түүний тооцоолж буйгаар 10-аас дээш жилийн хугацаагаар алтыг хадгалах нь хамгийн ашигтай алхам гэнэ. Бүр 15 жилийн дараа гэхэд унци алтны ханш 7000 ам.долларт хүрнэ ч гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сард алтны ханш 1920 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон ч өдгөө 400 ам.доллараар хямдраад байна. Гэвч үүнд сэтгэлээр унах шаардлагагүй гэж тэрбээр зөвлөж буй. Түүнд ийм итгэл найдварыг өдөр хоногоор шавхагдаж буй алтны нөөц өгч байгаа гэж тэрбээр уламжилжээ. Зөвхөн алт ч гэлтгүй бусад түүхий эдийн ханш 15 жилийн дараа гэхэд 2-20 дахин өсөх нь тодорхой болжээ.
Дээрх хоёр таамаглал нь хөрөнгө оруулагчдыг нэлээд гүн эргэлзээнд төөрөгдүүлж орхиж. АНУ болон Европын эдийн засаг эрүүлжиж байж хөрөнгө оруулагчдын эргэлзээ тайлагдах болно гэж олон шинжээч дүгнэжээ. Учир нь дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн дийлэнх хувийг бүрдүүлдэг Азийн эдийн засаг цаашид хурдацтай өсөх нь тодорхой боловч эрэлт тал нь буюу Европ, АНУ-ын эдийн засагт сульдах шинж тэмдэг илрээд буй нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогчдыг зогсонги байдалд оруулжээ.
Хэдийгээр олон арван бүтээн байгуулалт, уул уурхай ашиглалтад орж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байгаа ч эрэлт нь царцаж эхэлсэн нь дэлхийн эдийн засагт аюулын харанга дэлдэж байна.