БНСУ-ын Ёсү хотноо 5-р сарын 12-нд нээлтээ хийсэн, 104 улс оролцож буй “Далай ба далайн эргийн амьдрал” сэдэвт “Экспо-2012” олон улсын үзэсгэлэн үргэлжилсээр байна. Уг үзэсгэлэнд Хөвсгөл далайгаа сурталчлан оролцож буй манай улс өчигдөр буюу 07-р сарын 03-нд “Нээлттэй өдөр”еөө зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Монгол улсаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг тэргүүтэй албаны хүмүүс болон урлагийнхан Ёсүг зорин очсон юм. Ёсүгийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэн эхэлсэн Монголын нээлттэй өдөр Хүндэтгэлийн концертоор үргэлжлэв. “Хөсөгтөн” хамтлаг, “Үндэсний дуу бүжгийн чуулга”-ын бүжигчид, МУГЖ С.Эрдэнэцэцэг болон уран нугаралтын үзүүлбэрээр чимсэн тоглолт 40 минутын турш үзэгчдийг байлдан дагуулав. Сэтгэл хөдлөлдөө автсан үзэгчид бүжгийн хэмнэлийн дагуу алга ташин, “Хөсөгтөн” хамтлагийг даган гурийлж, үзүүлбэр бүрийг нижигнэсэн алга ташилтаар шагнаж байлаа.
Далай доторх амьдралыг 3D технологиор үзүүлэх дэлхийн хамгийн том дижитал галарей, “Big O show” зэрэг үзэх сонирхох зүйл ихтэй “Экспо 2012” үзэсгэлэн нийт 93 хоногийн турш үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 12-нд хаалтаа хийнэ.