Фернандо Торрес: Дахиад дэлхийн аваргад түрүүлэхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Фернандо Торрес: Дахиад дэлхийн аваргад түрүүлэхийг хүсч байна

Испанийн шигшээ, Английн “Челси” багийн довтлогч Фернандо Торрес энэ жил одтой байна. “Челси”-гийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигт түрүүлсэн бол саяхан Испанийн шигшээ багийн хамтаар дахин Европын аварга боллоо. Түүгээр ч зогсохгүй Европын аваргын тэмцээний мэргэн буучид олгодог “Алтан шаахай” шагналын эзэн болж хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Фернандо Торрес “World soccer”-т ярилцлага өгчээ.

-Та гайхалтай сайн байлаа, энэ тэмцээнд?

-Баярлалаа. Би гэхээс илүүтэй манай баг гайхалтай сайн байсныг заавал хэлэх ёстой.

– Дөрвөн жилийн өмнө танай багийн Давид Вилья мэргэн бууч болж байлаа. Та энэ удаа түүний амжилтыг буухайг үргэлжлүүллээ?

– Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Хэдийгээр гурван гоол оруулсан тоглогч надаас гадна дөрөв байсан ч нэмэлт үзүүлэлтээр би шилдэг нь боллоо. Үнэхээр их баярлаж байна.

-Испанийн шигшээг Европын аваргад түрүүлэх гол багт тооцож байсан. Харин хэсгийн тоглолтуудыг харж байхад тийм ч сайн тоглохгүй байсан. Харин хасагдах шатанд ороод  сайн тоглолоо. Сэтгэл зүйн бэлтгэл  сайн байж дээ?

-Хөлбөмбөг эдүгээ олон оронд жигд хөгжсөн байна шүү дээ. Дэлхий,Европын аварга гэхээр л тоглолт болгонд хожоод байна гэдэг өрөөсгөл ойлголт. Бид энэ тэмцээнд их чамбай бэлдсэн. Гол давуу талаа хасагдах шатанд гаргасан гэж хэлэхэд болох байх.

-Португалийн багтай хийсэн тоглолт их өрсөлдөөнтэй болсон. Магадгүй Португалийн баг ч хожих боломжтой байсан байх?

-Тэгэлгүй яахав. Бүх багт л боломж байна шүү дээ. Португалийн баг хүчтэй довтолгоотой байсан. Роналдо сайн байсан шүү дээ. Гэхдээ эцсийн дүнд бид хожсон.

-Бид Испанийн багаас илүү байсан,торгуулийн цохилт бол аз сорьсон зүйл гэж Роналдо хэлсэн. Та түүнтэй санал нийлэх үү?

-Хожигдлын бурууг торгуулийн цохилтод хандуулж болохгүй л дээ. Бидэнд адилхан л боломж байсан. Харин бид боломжоо ашигласан. Энэ л хамгийн чухал. Мэдээж Роналдод харамсалтай л байгаа. Гэхдээ тоглолтод нэг нь,тэр дундаа хамгийн шилдэг нь хожно шүү дээ. Тэр өдөр бид шилдэг нь байсан.

-Шигшээ тоглолтод Испанийн баг Италийг үнэхээр илүүрхэж хожлоо. Аргагүй л аваргууд өөр юм аа?

– Гоолын зөрүү олон байснаас Италийн баг биднээс муу байсан гэж ойлгож болохгүй. Италийн баг маш сайн тоглсон. Ер нь их хэцүү тоглолт болсон. Бид эгзэгтэй үед тоглолтын хувь заяаг эргүүлж чадсан нь том амжилт. Хорди Альбагийн гоол италиудыг хүнд цохилтод оруулсан.

– Одоо танай баг 2014 онд болох дэлхийн аваргад түрүүлэх зорилготой байгаа нь ойлгомжтой. Ийм бодит боломж бий юү?

– Боломж бүх багт байгаа шүү дээ. Мэдээж манай багт найдвар бий. Гэхдээ нэг зүйлийг бид сайн ойлгох ёстой гэж боддог. 2008 оноос хойш дэлхийд тэргүүлж яваа гэдэг маань байнга ийм байна гэсэн баталгаа биш. Бид өмнөх амжилтуудыг мартаж дэлхийн аваргад маш сайн бэлдэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд дэлхийн аваргад дахиад түрүүлэхийг их хүсч байна.

-Сүүлийн үед таныг тойрсон яриа намжиж байх шиг. Уг нь саяхан л Торресийг худалдахаар шийдсэн гэж хэвлэлд бичиж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

– Тийм яриа гарч байсан нь үнэн л дээ.Одоо ч яригдсаар байгаа.  Миний хувьд ийм яриаг аль болох тоохгүй байхыг хичээдэг. Би ямар ч байсан ирэх улиралд багтаа үлдэнэ. Энэ бол баталгаатай мэдээлэл.

-Таныг “гоолын машин” гэж олон хүн магтдаг байсан. Гэтэл та “Челси”-д ирснээсээ хойш гоол оруулах нь эрс цөөрсөн. Юу болсон юм бэ?

– Намайг зовоож байсан хамгийн хэцүү зүйл чинь энэ. Би довтлогч. Миний гол үүрэг бол гоол оруулах. Гэтэл би үүргээ биелүүлж чадахгүй байгаа болохоор сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Харин одоо байдал өөр байгаа. Ямар ч гэсэн би өөртөө итгэлтэй болоод байгаа. Ирэх улиралд өөрийн шилдэг тоглолтыг үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. 

– Өмнөх улиралд яг юу нь болохгүй байсан юм бэ?

– Би бэлтгэлээ хийдгээрээ л хийсэн. “Ливерпуль”-д байхаасаа ч илүү сайн хийж байлаа. Тэгсэн мөртлөө болохгүй байв. Азгүй гэхэд хаашаа юм,ямар ч гэсэн болохгүй байсан юм..

– “Челси”-д тоглох амаргүй байх шиг?

– Мэргэжлийн хөлбөмбөгч хаана ч тоглож чаддаг байх ёстой. Манай багийн тоглогчид бие биеэ сайн ойлгодог. Энд тоглох үнэхээр сайхан байгаа. Яахав,бүгд надаас олон гоол оруулахыг хүсч байгаа. Би үүнийг хангалтгүй биелүүлж байгаа гэдгээ ойлгож байгаа. Нөгөө талаар хөлбөмбөг бол багийн спорт. Багийнхаа төлөө тоглох л чухал юм. Тиймдээ ч би гоол оруулах гэхээсээ илүүтэй дамжуулалт өгөхийг хичээдэг.

– “Челси”-гийн экс дасгалжуулагч Анчелотти,манай багт Торрес шиг л тоглогч хэрэгтэй гэж ярьж байсан. Францын “ПСЖ”-гийн дасгалжуулагч болсныхоо дараа дахиад л ингэж хэлсэн. Магадгүй таныг багтаа тоглуулах хүсэлтэй байх?

– Анчелотти гайхалтай мэдрэмжтэй дасгалжуулагч. Түүний удирдлагад тоглох нэр төрийн хэрэг.Гэхдээ одоо энэ талаар ярих цаг нь биш.

– “Порто”-гоос Халк ирэх магадлал их байна гэх юм. Тэгэхээр талбайд гарах өрсөлдөөн ширүүсэх байх даа?

– Хэн ч ирсэн бай үндсэн бүрэлдэхүүнд гарахын төлөө уйгагүй зүтгэх болно. Би хэзээ ч өрсөлдөөнөөс айж байгаагүй. Бас намайг талбайд гаргасангүй гээд хэвлэлээр гомдоллоод явахгүй. Яагаад гэвэл,би хамгийн түрүүнд багийн эрх ашигт захирагддаг. Өмнө нь ч тийм байсан,хойшид ч тийм байх болно.

– “Челси”-д ирээд та 14 тоглолтод гоол оруулж чадаагүй. Бүгд л таныг шүүмжилж байлаа. Тэр үед танд мэдээж хэцүү байсан байх?

– 903 минут талбайд гарч байж л анхныхаа гоолыг оруулсан. Итгэхгүй байж болно,гэхдээ би тэр үед огт сандарч тэвдээгүй. Болох ёстой юм болно,нэг л өдөр гоолын мэдрэмж маань эргэж ирнэ гэж итгэж байсан. “Вест Хэм Юнайтед”-ын хаалганд анхныхаа гоолыг оруулсны дараа харин зүрх маань хүчтэй цохилж байсан шүү. Тэр үе хүртэл намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан олон хүнд талархаж явдаг.

– Таныг бага байхдаа хүүхдийн лигт 55 гоол хийж байсан гэдэг?

– 1994 онд би арван настай байхдаа “Райо 13” гэдэг багт тоглодог байлаа. Тэр үед би хүнд өвчин тусч бараг хоёр сар хэвтэрт байлаа. Эдгээд багтаа ирэхэд дасгалжуулагч намайг тоохгүй байсан л даа. Харин би ердөө долоо хоногийн дараа  талбайд гарч зургаан гоол хийж байсан юм. Тэр улиралд би 55 гоол хийж олны анхаарлыг татаж байлаа. Ямар ч бэлтгэлгүй мөртлөө ийм олон гоол оруулсанд мэргэжилтнүүд гайхаж байсан юм. Тэгээд удалгүй “Атлетико Мадрид”-аас мэргэжилтнүүд ирж надаас сорилт авч байв. Одоо бодоход яаж тийм олон гоол оруулж байсан юм бол. Үнэхээр мундаг жаал байжээ.

-Таны амжилтын багагүй хэсэг “Атлетико Мадрид”-тай холбоотой байдаг?

 -Тэгэлгүй яахав,би энэ багаас л амжилтынхаа гарааг эхэлсэн. Өнөөдөр өдий зэрэгтэй яваа маань энэ багийн ач. Би үүнийг хэзээ ч мартаж явдаггүй. Олон сайн дасгалжуулагч байсан л даа. Чухамдаа тэдний хичээл зүтгэлээр олон тоглогч амжилтад хүрсэн. Дасгалжуулагч Валено миний цохилтыг сайжруулахад их анхаарч байлаа. Бэлтгэл тарсны дараа тэр бид хоёр л талбайд үлддэг байсан юм. Мөн ч их бэлтгэл хийсэн дээ. Үүний ачаар “Nike Cup Europe” хэмээх том тэмцээнд би 16 гоол оруулж шилдэг тоглогчоор шалгарч байлаа. Тэр үед би 15 настай байсан юм. Шагналаа Францын алдарт довтлогч Папенаас аваад их баярлаж байж билээ. Сонирхолтой нь,намайг хүүхдийн” Mario’s Holand” гэдэг багт тоглодог байхад тэрээр манайд ирж хүүхдүүдэд бэлэг гардуулж байсан юм. Иймэрхүү дурсгалтай,мартагдашгүй мөч олон бий.

– Испанийн лигээс Английг зорих шийдвэр гаргах амаргүй байсан байх?

Би шинэ амжилтын төлөө зүтгэмээр байсан юм. Тэр тусмаа Английн лиг миний сонирхлыг их татаж байлаа. Италийн лигт тоглох боломж байсан л даа. Тэр үед “Милан”-аас их боломжийн санал ирсэн байв. Би нэлээд бодсоны эцэст багийн удирдлагатай ярьж байгаад “Ливерпуль”-д очихоор болсон.Дараа нь “Челси”-д ирсэн.  Би зөв сонголт хийсэн гэдэгтээ  итгэлтэй байгаа.

-Хэрвээ Испанийн багууд урьвал буцаж очих бодол бий юү?

-Би насаараа Англид тоглохгүй шүү дээ. Тэгэхээр буцаж очих бодол байлгүй яахав. Гэхдээ одоо цаг нь биш гэж найдаж байна. Нөгөө талаар би аль нэг багт гологдоод нутагтаа буцаж очихыг үнэндээ хүсдэггүй. Үнэхээр өндөр төвшинд тоглож чадахаар бол Испанидаа буцаж очно. Хэрвээ чадахааргүй бол очихгүй.

-Магадгүй Америк, Катар, Хятадын лигээс их мөнгөний санал ирвэл та татгалзахгүй байх?

-Их хэцүү асуулт байна. Мөнгө хэзээ ч хэнд ч илүүддэггүй байх. Надад ч адил. Гэр бүлээ тэжээх,зодог тайлаад хангалуун амьдрах хүсэл байлгүй яахав. Гэхдээ бүхнийг мөнгөөр хэмжиж болохгүй л дээ. Магадгүй таны хэлсэн лигүүдэд хэзээ нэгэн цагт тоглохыг үгүйсгэхгүй. Бусдаас ялгаатай нь, би тэр мөнгөний хэмжээнд хүрэхүйц сайн тоглолт үзүүлж чадна гэж өөртөө итгэж байвал зөвшөөрнө. Харин би аль нэг улсын лигийн нэр хүндийг өсгөх зүгээр л хүүхэлдэй байхыг үнэндээ хүсэхгүй.

“СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж