Монголын Ардчилсан Холбоо IV их хурлаараа ард түмэндээ “сонгуулийн хувьсгал” хийхийг анх уриалсан. Улмаар МоАХ-ны бодлого, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссанаар цөөхүүлээ хөлжигсөдийг зайлуулж, олуулаа хөгжих замыг сонгогч олон маань эргэлтгүй сонгожээ. МоАХ-ны бодлогыг дэмжсэн ард түмэн Ардчилсан намд саналаа өгсөн. Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар олонхи болоогүй хэдий ч өрсөлдөгчдөөсөө илүү санал авлаа, энэ нь дараа дараагийн сонгуулиар ард түмний дэмжлэгийг улам илүү авах болно гэсэн итгэл төрүүлж байна.
Гэтэл МАН тэргүүтэй намууд ард түмний сонголтыг эс хүндэтгэн зүсэн бүрийн аргаар сонгуулийг будлиантуулж төрийн эрхийг хууль бусаар авдаг хуучин аргаа хэрэглэхийг оролдож байна. УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу, ард түмнийхээ өгсөн саналыг баталгаажуулахыг Монголын Ардчилсан Холбоо хатуу шаардаж байна. 2008 оны долдугаар сарын 1-нийг бид мартах учиргүй. Гараар санал тоолж, ард түмний саналыг луйвардсанаас үүдэн төр, ард түмний дунд хагарал үүсгэж, улмаар таван сайхан хүний эрдэнэт амийг хохироосон гашуун түүхийг давтах ёсгүй. Сонгуулийн луйвар, саналын хулгайгаас, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас сургамж авч сонгуулийн саналыг автомат машинаар тоолох хуулийг МАН батлалцсан. Харин өнөөдөр өөрсдийн баталсан хуулиас буцаж, гараар санал тоолох тухай ярьж байгааг нь дахин сонгууль луйвардах оролдлого гэж үзэхээс өөр аргагүй байна.
Сонгуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт “… санал тоолох ажиллагаанд хүний хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг арилгах, ажиглагчид ил тод болгох зорилгоор сонгуулийн тодорхой үе шатны ажиллагаанд холбоо, мэдээллийн техник, технологийг ашиглах асуудлыг тусгай хуулиар зохицуулна” гэж заасан. Үүний дагуу Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д сонгуулийн автоматжуулсан систем гэж “…сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах үүрэг бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, … уялдаа бүхий цогцыг хэлнэ” гэж заасан байна.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 127 дугаар тогтоолд “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан бүх саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцсугай” гэсэн байна. Гэтэл 2012 оны 6-р сарын 29-ний өдөр МАН тэргүүтэй тодорхой улс төрийн нам эвслүүд мэдэгдэл хийж Улсын их хурлын сонгуулийн урьдчилсан дүнг эс хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдэл хийлээ. МАН нь Засгийн эрхийг барьж байгаа давуу байдлаа ашиглан Сонгуулийн хууль зөрчсөн хууль бус аргаар саналыг дахин тоолж, сонгогчдоос өгсөн саналыг луйвардах санаархал, оролдлого гаргаж, сонгуульд ялагдсан бусад улс төрийн намуудыг энэ хууль бус үйл ажиллагаандаа турхирч байна.
МАН тэргүүтэй эдгээр нам, эвслүүд нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, хуульд заагаагүй аргаар буюу сонгогчдын саналыг гараар дахин тоолох шаардлага тавьж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдаж байгаа хууль бус оролдлого гэж Монголын Ардчилсан Холбоо үзэж байна. МАН тэргүүтэй эдгээр улс төрийн намуудын хууль бус энэхүү шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3.2-р заалт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Дээр дурьдсан нам, эвсэл нь энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Эрүүгийн хууль болон Улс төрийн намуудын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тэдгээрийг татан буулгах саналыг Монголын Ардчилсан Холбооноос эрх бүхий байгууллагад уламжлах болно гэдгийг мэдэгдэж байна.
2012 оны сонгуульд саналаа өгсөн 1 сая 198 мянга 86 сонгогчийн саналыг хамгаалж, хуулийн дагуу яаралтай баталгаажуулахыг хатуу шаардаж байна.