Б.Замбалгарав: Ялна гэдэгтээ итгэлтэй байгаа

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Б.Замбалгарав: Ялна гэдэгтээ итгэлтэй байгаа

Дөрвөн шүүгчтэй “Камертон 2” шоунаас таван “тийм” гэх хариуг сонссон цор ганц оролцогч бол Б.Замбалгарав. “Би үхэн үхтлээ дуулна” хэмээн ярих түүний дуугаар 624. Камертончууд түүний дугаарыг 624 бус 6 сарын 24 гэж харсан. Ямартай ч дугаар нь хүртэл шүүгчдэд таалагдсан Замбалгаравыг СУИС-ыг төгссөн мэргэжлийн дуучин, “Universe best songs-2010” тэмцээний шилдэг 25 оролцогчдын нэг гэдгээр нь үзэгчид андахгүй. Харин Д.Болдын хэлснээр монголын рок попод дутагдаад буй дуу хоолой нь Замбалгарав гэнэ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Дараагийн шатандаа тэнцсэнд чинь баяр хүргэе. Энэ шатанд ямар уран бүтээлээр өрсөлдөх гэж байна даа?

-“Камертон” хамтлагийн “Би чамд хайртай” гэдэг дууг сугалсан. Амьд хөгжмийн хамтлагтай дуулна. Бэлтгэлээ сайн хийсэн гэж бодож байна. Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх ах хөгжимчдөө ахлан бэлтгэл хийлгэсэн.

-Хэзээнээс “Камертон”, “Boyz II men” хамтлагийн улаан фен болов оо?

-Би долдугаар ангиасаа хойш “Камертон” хамтлагаар амьсгалж эхэлсэн гэхэд болно. Тэдний уран бүтээл болон шүтдэг хамтлагийг нь судалж, сонсох болсон. Тэгээд есдүгээр ангиасаа “Boyz II men” хамтлагийн дуунуудыг сонсч эхлэн аравдугаар ангиа төгсөөд тус хамтлагийн нэлээн чадалтай дуунуудыг өөрөө судлан нухаж, дуулж эхэлсэн.

-Мэргэжлийн дуучин гэсэн байх аа?

-СУИС-ын эстрадын дуулаачийн ангийг Гавьяат жүжигчин Ч.Насантогтох багшийн удирдлаган дор 2009 онд төгссөн. Гоцлол дуучин мэргэжилтэй. Одоогоор хууль эрх зүйн чиглэлээр Отгонтэнгэр их сургуульд сурдаг.

-Яг “Камертон” шиг дөрвөн залуугийн бүрэлдэхүүнтэй хамтлагийн ахлагч нь гэж сонссон. Хамтлагаа танилцуулахгүй юу?

-Манай хамтлагийг  “Soul mate” гэдэг. Хүсэл мөрөөдлөөрөө нийлсэн дөрвөн залуу бий. Ямар нэгэн найзууд орцонд сууж байгаад л хамтлаг байгуулъя гэж бид нийлээгүй. Энэ чиглэлээр дуулахад, ийм хоолойнууд хэрэгтэй гээд би өөрөө хамгийн сайн залуусыг хамтлагийн гишүүдээ сонгон авсан. Сүүлийн бүрэлдэхүүнээрээ гурван жил болж байгаа. Маш их дуун дээрээ бэлтгэл хийж, олон дуу гаргасан. “Boyz II men” хамтлагийн бараг бүх гоё акапель дуунуудыг гаргасан. “Boyz II men” хамтлагийн тодорхой хэмжээний хөгжимд дуртай хүмүүс сонсдог мэргэжлийн хамтлаг. “A-Sound” хамтлагийн тоглолт дээр хамтлагаараа “Boyz II men” хамтлагийн дууг дуулж байсан.

-Гурван жил болсон хамтлаг юм бол яагаад олны танил болоогүй юм бэ?

-Бид уран бүтээл гэж яарч гаргаагүй. Өөрсдөө бэлэн болоогүй байж юу юугүй хүмүүсийн тэмүүлээд байдаг юм руу зүтгээгүй. Түүнээс биш бидэнд дуу хийх, уран бүтээл гаргах олон боломж байсан. Бид нарын хүсэж мөрөөдөж байгаа тэр цэгт хүрэхэд хамгийн чухал байсан зүйл бол менежмент. Мэдээж уран бүтээл хийж байгаа хүмүүс хоорондоо өрсөлддөг ч монголд өрсөлдөх сонирхол алга. Болдог бол гадагшаа л гарч уран бүтээлээрээ өрсөлдөмөөр санагддаг.

-Одоогоор Монголд хөвгүүдийн хамтлагийн орон зай үгүйлэгдэж байгаа шүү дээ. Яагаад болохгүй гэж?

-Хэдийгээр энэ орон зай дээр гарч ирэх боломж байгаа ч бидэнд өнөөдөр Д.Болд ах шиг сайн продюсер хэрэгтэй байгаа. Түүнээс биш бид гайгүй дуулаад болоод байна гээд эртнээс халтар хултар зүйлс хийсэн бол өдийд яг тэрэн шиг ээ явж байгаа. Бид тийм зүйл хийхийг хүсээгүй. Хүмүүс дуу сонсмоор байгаа шүү дээ. Тэрнээс биш дуулж байна гэж жүжиглэмээргүй байна.

-Мэдээж чиний хувьд “Камертон 2” шоуны шилдэг дөрөвт багтахын төлөө өрсөлдөж байгаа. Харин танай хуучин хамтлагийн хувьд тарж байгаа юу?

-Манай хамтлагийн Б.Оргил, Б.Баярмандах гээд бид гурав энэхүү шоунд орж байгаа. Бид олон жил хамтран ажиллаж байгаа. Хайртай гишүүд маань. Б.Баярмандахтай танилцаж найзлаад долоон жил болж байна. Бүгд СУИС төгссөн. Тэмцээн бол хэцүү шүү дээ. Янз бүрийн л асуудал байдаг. Бид гурвуулаа гардаггүй юм аа гэхэд хэн нэг л шилдэгт багтана гэдэгт итгэлтэй байгаа. Мэдээж хүн унана гэж барилддаггүй шүү дээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж