iPhone5-ын тухай таамаглалууд

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Технологийн шилдэг компани Apple хамгийн анхны iPhone ухаалаг гар утсаа 2007 онд танилцуулж байжээ. Түүнээс хойш iPhone утасны таван шинэ загвар хэрэглэгчдэд хүрээд байгаа бол тун удахгүй зургаа дахь нь буюу iPhone5 худалдаанд гарах гэж байна.

Шинэ бүтээгдэхүүнтэй хамт заавал нэг шинэ технологи танилцуулагддаг учраас iPhone 5 ямар байх бол гэсэн элдэв таамгуудыг технологийн мэргэжилтнүүд бичиж эхлээд байна.

Ингээд та бүхэндээ iPhone5-ын тухай таамаглалуудыг хүргэе.


1. Танилцуулагдах өдөр.

Бүгдийг нууцалж, таавар шиг л байлган, хүмүүсийг хүлээлгэж байгаад шинэ бүтээгдэхүүнээ гаргадаг нь алдарт Стив Жобсын арга барил байсан гэдэг. Түүний энэхүү оновчтой аргыг Apple компани одоо ч хэрэглэсээр.

Тиймээс iPhone5-ыг хэзээ танилцуулах талаар албан ёсны ямар ч мэдээлэл байхгүй. Зарим сайтуудад ирэх аравдугаар сард танилцуулна гэсэн таамаг бичигдэж байна.

2. Нэр

iPad-ны гурав дахь загварыг iPad 3 биш зүгээр л New iPad гэж нэрлэсэн. Тиймээс iPhone 5-ыг ч бас New iPhone гэж магадгүй гэнэ.

3. Загвар, хэмжээ

iPhone5-ын загварыг Стив Жобс нас барахаасаа өмнө зохиож, бүх зүйлийг нь бэлэн болгочихсон. Ердөө худалдаанд гаргах цаг нь л болоогүй байсан гэх.

iPhone5 нь өмнөх загваруудаас том дэлгэцтэй, Home товчлуур байхгүй, хөнгөн цагаанан корпустай, нарийн өндөр загвартай байх гэнэ.

4. Үзүүлэлтүүд

Үзүүлэлтийн тухай хамгийн том онцлог нь өндөр хүчин чадал бүхий камер, 3D дэлгэц болоод байна. Мөн quad-core A5 процессортой, 1GB RAM-тай, HDMI гаралт, iOS5 үйлдлийн системтэй, өмнөх загваруудын хамгийн том асуудал болоод байсан батерейн чанарыг сайжруулсан гэж мэргэжилтнүүд бичиж байна.

Арын камер нь 8 мегапиксель хүчин чадалтай, харин дэлгэцэн талын камер нь HD болж сайжирснаар та видео дуудлагыг өндөр чанартайгаар хийх боломжтой болж байна.

5. Цахим түрийвч

NFC (Near Field Communication) нь богино зайн радио долгионы дамжуулалт хийдэг технологи бөгөөд хэдхэн сантиметр зайд л холбогддог. NFC нь RFID технологи дээр суурилсан бөгөөд ISO/IEC 18000-3 стандартын дагуу 13.56 MHz давтамж үүсгэж зайнаасаа хамаарч 106 kbit/секунд ээс 424kbit/секунд хурдтайгаар мэдээлэл дамжуулдаг.

Энэхүү технологийг ашиглаж утаснаас утсанд контакт, зураг, видео, event, газрын зургийн байршил, электрон нэрийн хуудас зэргийг дамжуулахаас гадна төлбөр тооцооны системд ашиглах боломжтой юм. Үүнийг iPhone5 ухаалаг гар утсанд ашигласан байж магадгүй гэнэ.

6. Үнэ

Худалдаалагдах үнэ бол хэрэглэгчид хамгийн их сонирхож буй мэдээлэл юм. iPhone 5 ухаалаг гар утсыг 500 еврогоор худалдаалагдана гэж таамаглаж байна. Гэхдээ энэ нь 16GB багтаамжтай загварынх.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж