Өргөсөн ч, тэлсэн ч үрээ л гэх монгол сэтгэл

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Өргөсөн ч, тэлсэн ч үрээ л гэх монгол сэтгэл

“Үхтэл үр харам” гэдэг үг зөвхөн монгол хүний сэтгэлээс гардаг гэдэгт би итгэдэг. Үрээ гэх монгол аав, ээжийн сэтгэхүй ихээхэн өвөрмөц бөгөөд нарийн нандин, гүн гүнзгий. Бурхны шашны улбаагаар аливаад нигүүлсэнгүй сэтгэлээр хандах, эцэг эхийн ачийг санах, үр хүүхдээ энэрэх өр зөөлөн тахимдуу сэтгэл бидэнд илүү заяажээ. Бурхны шашинд орохоос ч өмнө тийм л байсан нь нүүдэлчин ахуйтай холбоотой ч байж мэднэ.

Үрдээ халуун сэтгэлээ дэвсдэг энэ чанар зөвхөн өөрийн өрнөөс унасан мах цусны тасархай төрсөн хүүхдэд хамаатай биш. Өргөж үрчилсэн хүүхэд, хамаатан садан, ахан дүүсийн үрс, бүр хөндлөнгийн хар элгийн хүний хүүхдэд ч тийм л элгэмсэг сэтгэлээр хандаж ирсэн нь өдгөө ч хэвээрээ. Ах, дүүсийн хүүхэд хэн нэгнийдээ бужигнаж л байна. “Миний хүү” л гэнэ. Садан төрлийнхөн ч ялгаагүй “Миний хүү” л гэнэ. Хаа хамаагүй хүний дотносож орж гардаг хүүхдийг ч “Миний хуурай хүү, хуурай охин”, “Төөрч төрсөн үр минь”  л гэнэ. Эрт дээр цагт ч эзэд ноёд үр хүүхэдгүй бол зарцынхаа хүүхдийг ч ялгалгүй өргөж авчихаад хамаг эд хогшлынхоо эзэн суулгадаг байсан тийм л уужуухан ухаантай, үрсэг хүүхэдсэг хүмүүс.

Чингис хааны Өөлүн ээж дайны хөлд өнчирч хоцорсон балчир хүүхдүүдийг өргөн авч хүний зэрэгт хүргэсний дотроос Монголын төрийн их заргач Шихихутаг, олон баатрууд төржээ. Тэнгэрт хальсан ах, дүүсийнхээ хүүхдийг дэргэдээ авч юугаар ч дутаалгүй өсгөн гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачлалт аав, ээжүүд бидний дэргэд одоо ч олноороо байна. УИХ-ын эрхэм гишүүн Р.Гончигдорж төрсөн дөрвөн хүүхэдтэй. Тэдэн дээрээ бурхан болсон дүү бүсгүйнхээ гурван хүүхдийг үрчлэн авч хаана л бол долоон хүүхэдтэй хэмээн ярих дуртай. Гэр бүлийн цомог бүр дээр долоон хүүхэд нь долуулаа хамтдаа. Аль нь төрсөн, хэн нь тэлснийг ялгах юмгүй. Ав адилхан л нэг ам бүлийн хүүхдүүд. Сайд Т.Ганди төрсөн ганц хүү дээрээ талийгаач дүүгийнхээ охиныг өргөн авч хоёр хүүхэдтэй болоод явж байна.

Миний ээж ч өргөмөл байсан. Халхын тамгатай хутагтуудын нэг Дилав хутагтын сүүлийн монгол дүр Б.Жамсранжавын төрсөн эгч Б.Чойжинжавын охин болсон ээжийн минь  эх үрсийн тэр улбаа өдгөө ч тасраагүй. Аав, ээжийгээ бурхны оронд одуулж, төрсөн ах дүүсгүй үлдсэн би өөрөө тэр их өндөр заяат улсын удам судрын нөмөрт, 70 насны босго давсан нагац ах минь хүүхэд шигээ үзэн түшиг болж явна.

Аливаа амьтны үрийг хайрлах монгол сэтгэл агуу. Эхээсээ өнчирсөн төл, төлөө алдсан эх малыг хуурын аялгуу, дууны эгшгээр уяраан дасгаж элэг бүтэн болгох эрдэм талын монголчуудад л бий. Тойглон тойглосоор өнчин хурга, ишгийг эхтэй болгож, хуурдан хуурдан хөөсөлсөөр үрээ алдсан ингэнд ботго авахуулах энэрэнгүй их сэтгэлийн хөг одоо ч хөдөө нутагт тасраагүй. Өнчин ботгыг биедээ халгаахгүй тийрч тэшиж байсан эмнэг ингэ хуурын татлага, эзнийхээ хоолойн хөгөнд уярч борхон нүднээсээ бөн бөн нулимс дуслуулсаар үрээ болгон авч сүүгээ хөхүүлэн дэргэдээ дагуулан явах гайхамшигт агшныг “Ингэн эгшиг” баримтат кинонд  буулгасан нь олон улсын наадмаас шагнал хүртэж байсан юм.

Анчин гөрөөчин угсаат монголчууд хээлтэй, төлтэй эх амьтныг хөнөөхийг нүглийн дээд гэж цээрлэсээр ирсэн. Үрээ дагуулсан эх амьтныг хөнөөсөн байваас “Нүгэлт хар гөрөөчин” нэрийг өгч айл саахалт буух амьтан ч олддоггүй тийм л өрөвч зөөлөн сэтгэлтэй өвөг дээдэстэй хүмүүс юм, бид.

Үрс нь ч эцэг эхийн элбэрэл хайрыг хариулах гэж чин сэтгэлээсээ мэрийдэг нь монгол ёс. Ээжийн тухай монгол шиг ийм олон дуутай үндэстэн угсаатан ховор юм гэнэ лээ. Ямар сайндаа гадаадын нэг хүн монгол дуу сонсоод “Энэ юуны тухай дуу вэ” гэхэд “Ээжийн тухай” гэвэл “Яагаад ээжийгээ дуулаад байгаа юм. Ээж нь тэрбумтан байсан юм уу” гэж гайхсан юм гэсэн.

“Бөмбөр бөмбөр модондоо
Бүргэд шувуу бөөрнө дөө
Бөөрөнхий биеийг минь өсгөсөн
Ээжийнхээ ачийг яанам бэ.
Саглагар саглагар модондоо
Шаазгай шувуу шагширна даа
Сайхан биеийг минь өсгөсөн
Ээжийнхээ ачийг яанам бэ
” гэсэн ардын дуунаас эх, үрийн амин холбоо илхэн харагдана.

Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд цаазын ял авсан хүн Шар хад хэмээх газар буудуулахаар туугдаж явахдаа

“Шар хадны энгэр дээгүүр
Шар солонго татаад байна даа хө.
Шар уургаа шимүүлж өсгөсөн
Ээжийгээ бодохоор дэн дун даа хө
” хэмээн дуулж явсан нь одоо ч ардын дууны сан хөмрөгт үлджээ. Өөрийн амь үрэгдэх гэж байхад ээжийгээ л санадаг монгол хүү. Хүүгээ тэнгэрт одоход зөнгөөрөө л мэддэг монгол ээж…

Төрснөө ч, тэлснээ ч үрээ гэж сүүгээ өргөж сэтгэлээ дэвтээдэг монгол ёс агуу буюу.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж