Уг нь энэхүү хууль батлагдах болсон шалтгаан нь дээрх яриа хэлэлцлээс улбаатай гэдгийг Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр “Чалько” мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой. Тодруулбал, өнгөрсөн хавар Хятадын төрийн өмчит хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Чалко” компани “Айвенхоу Майнз” компанийн эзэмшдэг “Саутгоби Ресурс” компанийн 60 хувийн хувьцааг худалдаж авах хэлцэл хийж байгаагаа зарлаж байсан билээ. Үүнээс болж “Саусгоби ресурс”-ийн охин компани болох Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших Овооттолгойд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс”-ийн лицензийг Ашигт малтмалын газраас түр түдгэлзүүлж, тус компани өдгөө олборлолтоо бүрэн зогсоогоод байгаа юм. Хятадууд 920 гаруй сая ам.доллараар буюу нэгж хувьцааг 65,97 хонконг доллараар худалдан авахыг канадуудад санал болгож байгаа гэх мэдээлэл байна.
Хэрвээ “Айвенхоу Майнз”, “Чалько” хоёрын хооронд яригдаж буй гэрээ хэлэлцээрийг баталгаажуулья гэвэл тэд Монголын Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь. Сүүлийн саруудад гадаадын хөрөнгө оруулагчид Монголд болж буй сонгуулийн явцыг ажиглан хөрөнгө оруулалтаа хязгаарлаад байсан билээ. Тиймээс ч гадаадын хэвлэлүүдэд Монголын парламентын сонгуулийг уул уурхайн сонгууль хэмээн дүгнэн бичиж байсан юм.
Тэгэхээр хятад, канадуудын хооронд дээрх асуудлаар наймаа өрнөлөө гэхэд ямар ч байсан Монголын шинэ парламент, шинэ Засгийн газраар хэлэлцүүлэх шаардлагатай болж таарах нь. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль баталсаар байхад “Айвенхоу Майнз”, Хятадын “Чалько”-гийн хоорондох яриа хэлэлцээр зогсохгүй бүр шургуухан өрнөж байна гэхээр хятадууд Овооттолгойн нүүрсэнд хэр их шунаж буй нь тодорхой юм.