Сергей Лавров “Монголын импортын шатахууны 95 хувийг дангаараа нийлүүлдэг, эдийн засгийн нягт харилцаатай, визээр зорчдогийг өөрчилсөн зэргээс ОХУ-д давуу эрх олгосон. Урьдчилсан хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Д.Медведев нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм. Гэвч дөнгөж өчигдөр буюу өнгөрсөн зургадугаар сарын 30-нд ОХУ-ын Холбооны зөвлөл болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баталгаажуулсан ” хэмээжээ.
Сергей Лавров дээрх хачирхалтай мэдэгдэлдээ “Монголыг өөртөө нэгтгэх нь ОХУ-д ч ашигтай. ЗХУ гэж байхад Монгол Улсыг бид тэтгэж байсан. Энэ бүс нутаг, нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлсэн. Харин Монголынхтой харьцуулахад Хятадын ДНБ-ий өсөлт 9,8 хувь, ОХУ-ынх дөнгөж 4,3 хувьтай байсан юм. Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн. ОХУ, Монгол Улс цагаачлалын асуудлыг зохицуулах тусгай хөтөлбөр бол нэмэх оноо гэсэн үг. Цагаач ажилчдад чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломж нээгдсэнээр олон улсын зөрчил, тэмцлийг арилгана. Монгол Улс нийт 2.755 сая хүн амтай. Нэг км2 газар нутагт 1.8 хүн амьдарч байгаа нь ОХУ-аас найм дахин бага гэсэн үг. Дашрамд дурдахад нүүдлийн амьдралд дассан цыгануудыг хөөж гаргах болно.
ЗХУ-ын үед Орост молибден, үр тариа, төмс, мах нийлүүлдэг байсан Монгол дахин ханган нийлүүлэгч болно. Кирилл үсэгтэй монгол хэл албан ёсны хэл хэвээр байх авч бүх сургуулиудад орос хэлийг зайлшгүй сурах хичээлд тооцно. Мөн ОХУ-ын автономи болсон өдрийг Монголд үндэсний баяр болгон тэмдэглэнэ. Монгол ОХУ-ын автономи болох шилжилт 2014 оны тавдугаар сараас эхэлнэ. Энэ үйл явдлыг Улаанбаатар хотын төв талбайд тэмдэглэх бөгөөд 10,000 үзэгчид зориулсан асар барих бэлтгэл ажил хэдийн эхэлсэн. Монголын Боловсролын яам Монголын соёлыг Орост сурталчлах хөтөлбөрийг санаачилсан. Үүнд гэр барих, айраг исгэх, монгол бичиг үсэг заах зэрэг ажлууд багтаж байна” гэжээ. Тус сайтад мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ үйл явдалтай холбоотойгоор “Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн хоёр орны харилцаа гэнэт тасарсан. Харин одоо тэр харилцааг дахин сэргээх боломж нээгдэж байна. Оросуудыг бид ах нар гэдэг. Үнэн хэрэгтээ бидний судсаар адилхан цус гүйж байгаа. Бид нэг цусных. Хуучны өшөө хорсол одоо мартагдсан. Бид дахин хамтдаа болно. Энэ бол хамгийн зөв шийдвэр” гэжээ.
“Сергей Лавров Монголын талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй”
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг хэсэг болно гэж мэдэгдсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ мэдээлэлтэй холбоотой асуудлаар Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөрөөс цөөн асуултад хариулт авлаа.
-Цахим хуудас болон сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улс 2014 онд ОХУ-ын автономи муж болно гэж мэдэгдсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Үүнд Хөрш орнуудын газар хэрхэн хандаж байгаа вэ?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл огт ор үндэслэлгүй. Энэ мэдээллийг цацсан гэж байгаа сайтууд нь ч ажилладаггүй, огт байдаггүй сайт. Яах вэ, нэг сайт нь ажиллагаатай л юм билээ. Гэхдээ ийм мэдээлэл байгаагүй. ОХУ-ын элчин сайдын яамны мэдээлж байгаагаар Сергей Лавров ямар ч мэдээлэл хийгээгүй юм билээ. Хоёр улсын өндөр албан тушаалтнуудын нэрийг бариад ийм үндэслэлгүй мэдээлэл цацаж байгаа нь үнэхээр бүдүүлэг хэрэг. ОХУ-д монголчууд жагсах гээд байна гэсэн мэдээлэл ч худлаа.
-ОХУ-ын элчин сайдын яамнаас энэ мэдээлэлтэй холбоотой албан бичиг танай газарт албан ёсны хариу ирүүлсэн үү?
-Албан ёсны хариу ирүүлээгүй. Өчигдөр /уржигдар/ албан бусаар уулзаж байхад энэ тухай ярилцсан. Ор үндэслэлгүй мэдээлэл цацаж байгаад харамсаж байгаагаа л илэрхийлсэн. Тэгээд ч ОХУ-ын элчин сайдын яам худлаа мэдээллийн араас албан бичиг ирүүлэхгүй гэдгээ хэлсэн л дээ. Харин сонирхож байгаа хүмүүс байвал өөрөөс нь асуугаад хувийн байр суурийг нь авах бүрэн боломжтой.
-Мэдээлсэн цахим хуудсуудыг нь шалгаж үзсэн үү?
-Нэг нь огт байдаггүй сайт. Нөгөөх нь байдаг ч ийм мэдээлэл тавигдаагүй байсан.
-Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-ын ерөнхийлөгч асан Д.Медведев, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар гэрээнд гарын үсэг зурсан гэсэн. Ер нь ийм гэрээ, хэлцэл болсон юм уу?
-Ямар ч үндэслэлгүй. Дөрөвдүгээр сарын 12-нд ерөөсөө ямар ч гэрээ хэлцэл манай хоёр улсын хооронд болоогүй гэдгийг онцлон тэмдэглэе. Нэг зүйлийг онцлон анхааруулмаар байна. Гадаад харилцааны асуудал бол үнэхээр чухал асуудал. Тийм учраас үүнд анхааралтай хандах хэрэгтэй. Ийм худлаа мэдээллээс болоод олон улсын харилцаанд сэв суух аюултай байдаг. Тиймээс ямарваа нэгэн мэдээллийг сайн лавлаж, судалж байж түгээх хэрэгтэй гэдгийг сануулъя.