Тэд гараар санал тоолохыг шаардаж байна. Болж өгвөл илээр тоолохыг ч шаардаж мэдэх нь. Өнгөрсөн хугацаанд өөрсдийнх нь “ялж” ирсэн технологиор шүү дээ. Тэдэнд тэгэх сонирхол бий. Санаагаар нь болдог бол хорин жилийн өмнөх шигээ ганцхан нөхрийг нэр дэвшүүлж, түүнд саналаа өг гэж дарамтлах сонирхол байгаа. Ер нь ялагдаж сураагүй намынхан үнэнтэй нүүр тулахаас эмээж байгаа. Бүхнийг өөрсдийнхөөрөө шийдэж, төсвийн мөнгөөр тансаглаж сурсан тэд шударга хөдөлмөрлөхөөс айж, суудлаасаа ховхрохоос эмээн тас зуурч суугаа. Сонгуулиар хавтгайрсан мөнгө тарааж, иргэд хэнд, аль намд саналаа өгч байгааг хянаж суусан тэд одоо хамаг бурууг машин руу чихэх болж. Үнэндээ энэ удаагийн саналын хуудас хэнд, аль намд саналаа өгсөн нь нэвт харагдаж байсан. Эрх баригчид л ийм болгосон биз дээ. Ингэж хяналт тавиад ч цөөнх болчихлоо.
Сонгууль эхлэх тэр мөчид МАН боловсролыг нь бус мөнгийг нь харж нэр дэвшигчдээ тодруулсан. Гол зорилго нь мөнгөн бороо оруулах. Үгүй бол ялагдал хүлээнэ гэдгээ хэнээс ч илүү мэдэрсэн хэрэг. Харамсалтай нь тэдний санаа эрх баригч болох хэмжээнд суудал авчирсангүй. Үүнд тэд бухимдаж буй. Эрх мэдлээсээ салвал идсэн уусан хэрэг нь илчлэгдэнэ гэхээс эмээж байгаа. Тиймээс л тэд айж байгаа. Тэгээд сонгуулийн дүнд өөрчлөлт оруулахыг хүсч байна. Болж өгвөл залуусыг турхирахыг хичээж буй. Гэвч тэднийг дэмжих залуус хэд бол.
Энэ бүх шалтгаанаар сонгуулийн эцсийн дүнг танилцуулалгүй өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх сонирхол эрх баригчдад бий. Тэд СЕХ-нд байгаа өөрсдийн хүмүүсээр дамжуулан сонгуулийн дүнг танилцуулахгүй гацааж байна. Хэдийгээр СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Дахин гараар санал тоолох тухай яриа байхгүй” гэсэн ч одоо хүртэл эцсийн дүнг арган бариагүй нь сэжиг төрүүлж байна. Дахин улиглахад, сонгуулийн санал хураалт дуусаад тав хоножээ. Харин сонгуулийн дүн нь алга. Одоо эцсийн байдлаар дүнгээ танилцуулж шинээр сонгогдсон УИХ хийгээд НИТХ-ыг баталгаажуулах нь хамгаас чухал. Нэгэнт машинаар тоолчихсон саналыг нэн даруй эцэслэн танилцуулах нь тэдний үүрэг.
Үүний дараа Увс, Баянзүрх гэх мэт будилаантай тойргийн асуудлууд тэднийг хүлээж байгаа. Нэр дэвшигчид иргэдийн саналыг худалдаж авсан эдгээр тойрогт ялсан нөхдүүдийг татах асуудлыг хэзээ шийдэх нь мэдэгдэхгүй байна. Энэ асуудал хугацаа алдах тусам бүдгэрэх аюултай. Эрх баригчид хэлээд байгаа луйвраа хийчих ч магадлалтай. Ялагдаж сураагүйн дээр тэрбум тэрбумаар нь цацсан нөхдүүд эрх мэдлээ алдахгүйн тулд үлдсэн бүх боломжоо ашиглах нь гарцаагүй. Хэдийгээр энэ удаагийн сонгуулиар мөнгө тараасан нэр дэвшигчийг, намыг нэрсийн жагсаалтаас хасна гээд хуульд заачихсан ч ямар их мөнгө тараасан, хэд хоногт хэдэн төгрөг өгсөн бэ гэдгийг авсан хүмүүс нь сайн мэдэж байгаа. Түүгээр ч барахгүй дүрс бичлэг тодоос тод буучихсан байгаа шүү дээ. Энэ бүх луйвраа МАН сонгуулийн дүнгээр баллуурдахыг оролдож байна. Тэгэхийн тулд хэнтэй ч эвсэхэд бэлэн байгаа. Харин өнгөрсөн хорин жилийн хугацаанд тэднийг эсэргүүцэж ирсэн жижиг намынхан иргэдийн бус өөрсдийн эрх ашгийн төлөө явснаа гэрчилж өвөрт нь орж байна. Үзэл баримтлал гэж тэдэнд байхгүй. Эрх мэдлийн төлөөх хийрхэл л бий. Ийм л шалтгаанаар сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцуулалгүй тав хонолоо. Одоо болсон. СЕХ-ны гишүүд хэрэгт орох гээгүй л юм бол сонгуулийн дүнг танилцуулах үүрэгтэй. Бүр яаралтай. Үгүй бол иргэд саналаа дахин луйвардуулж ч мэдэх боломж үүсчээ.
Нэгэнт тодорхой болчихсон саналыг танилцуулалгүй дарлаа гээд үржихгүйгээс хойш нэг тийшээ болгосон нь дээр байх аа. Иргэд албан ёсны дүнг хүлээж байна. Луйвар хийх гээгүй юм бол СЕХ танилцуулах хэрэгтэй. Тэр өдөр нь өнөөдөр байна гэж найдъя.