Дээрх асуудлаар Монголын хөрөнгийн биржийн дэд захирал Г.Саруулаас тодрууллаа.
-Даваа гаригийн үнэт цаасны арилжаанд зөвхөн тавхан компани оролцлоо. Монголын хөрөнгийн биржийн түүхэнд байгаагүй хамгийн бага арилжаа явагдлаа шүү дээ. Яагаад ийм асуудал үүсэх болов оо?
-Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд хийж буй шинэчлэлийн хүрээнд “Millennium IT” шинэ системийг суурилуулсан. Даваа гаригт шин системийн дагуу анхны арилжаа явагдсан юм.
Монголын хөрөнгийн зах зээлд хариуцлагыг өндөржүүлэх, энэ салбарт ажиллаж байгаа компаниудын хариуцлага, сахилга батыг нэмэгдүүлэх үүднээс шинэ систем нэвтрүүлсэнтэй холбоотойгоор бид брокер диллерийн компаниудад хэд хэдэн шаардлага тавьсан байгаа. Манай хөрөнгийн биржээс тавьсан шаардлагыг ихэнх брокерууд хангаагүй. Зөвхөн таван брокер диллерийн компани хангасан учраас арилжаанд оролцож байна. Цаашлаад брокер диллерийн компаниуд бидний тавьсан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд арилжаанд оролцох эрх нь нээлттэй болно.
-Шинэ системийн дагуу арилжаанд оролцох компаниудаас авдаг шимтгэл нь нэмэгдсэн юм биш үү?
-Үгүй, арилжаанд оролцож буй брокеруудын шимтгэл ч өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй яг хэвээрээ байгаа. Харин ч цаашдаа арилжааны шимтгэлийг 20-30 хувь бууруулах талаар ярилцаж байна. Хамгийн гол нь Монголын хөрөнгийн биржээс тавьсан шаардлага зарим брокеруудад таалагдахгүй эсэргүүцэл үзүүлсэн тал бий. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж бодож байна.
-Ямар шаардлага тавьсан нь брокер диллерүүдэд таалагдахгүй байгаа юм бэ?
-Шинэ арилжааны систем нэвтэрснээр клирингийн банкны үйлчилгээ нэвтэрч, брокер дилерийн компаниуд банкуудтай гэрээ байгуулах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, брокер дилерийн компаниуд төлбөрийн баталгааны сантай болж, барьцаа хөрөнгө байршуулах ёстой. Өнөөдрийн байдлаар барьцаа хөрөнгө байршуулсан таван компанин байна. Зарим нь одооноос арилжааны банкуудтай гэрээ байгуулах гээд явж байгаагаа бидэнд дуулгасан. Санхүүгийн зохицуулах хорооноос ч төлбөрийн баталгааны санд мөнгөө заавал байршуулсан байх ёстой гэсэн журам баталсан. Энэ журмын дагуу бид шаардлага тавьж байна. Өөрөөр хэлбэл, брокер диллерийн компаниуд тодорхой хэмжээний мөнгийг дансанд байршуулж байж л арилжаанд оролцох эрхтэй болно гэсэн үг. Мөн брокеруудын дүрмийн санг нэмэгдүүлсэн.
-Өмнө нь энэ талаар брокеруудад зөвлөгөө өгсөн үү. Энэ шинэ системийг нэвтрүүлснээр ийм болно шүү гэдгийг урьдчилж хэлээгүй юм уу?
-Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран гурван жилийн төсөлд хэрэгжүүлэхээр болсон цагаас л сургалт байнга зохион байгуулсан. Брокеруудад шинэ системийг суурилуулснаар ийм асуудал үүснэ шүү. Эртхэн гэрээгээ байгуулж, мөнгөө байршуулаарай гэж сануулсаар ирсэн. Өөрсдөө асуудал ийм хайнга хандаж болохгүй байх. Харилцагчийн мөнгийг залилах, харилцагчийг эвгүй байдал оруулах асуудлыг цэгцлэхийн тулд бид ийм шаардлага тавьж байгааг ойлгоорой. Энэ бол олон улсын хөрөнгийн биржүүдэд мөрдөгддөг шаардлага. Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард шинэ системийн дагуу арилжаа явуулахаар байсан боловч брокеруудад боломж олгож хойшлуулсаар байгаад даваа гаригаас эхлэн ийм шаардлагыг нэвтрүүлж байна. Хөрөнгийн биржийг хөгжүүлье гэвэл олон улсын стандарт, шаардлагыг хангахаас өөр аргагүй.
-Хэрвээ брокерууд арилжаанд оролцохгүй байвал яах вэ?
-Энэ байдал энэ долоо хоногт л үргэжлэх байх. Цаашдаа Монголын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа хэвийн өрнөх болов уу.
“Санар” брокер диллерийн компанийн захирал М.Бүрэнбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Брокерууд ажил хаялаа гэх юм. Яг юу болоод байна вэ?
-Юу болох вэ дээ. Англиас нэг их өндөр хөлсөөр баг ажлуулж, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчилж байгаа ш тээ. Гэтэл нөгөө Лондонгийн биржийнхэн нь нэг шинэ систем суурилуулчихад арилжаанд оролцож байгаа банкуудаас өндөр төлбөр, мөнгө нэхэж эхэлсэн.
-Юун мөнгө юм?
-Шинэ системийн дагуу арилжаанд оролцож байгаа брокерууд банкуудтай заавал гэрээ хийж, төлбөрийн баталгааны сан гээчид доод тал нь 10 сая төгрөг байршуулахыг шаардсан. Хэрвээ 100 сая төгрөгийн арилжаа хийдэг брокер байлаа гэхэд төлбөрийн баталгааны дансанд заавал 30 сая төгрөг байршуулсан байхыг шаардаж байна. Өмнө нь харилцагч нэг сая төгрөгийн хувьцаа худалдаж авлаа гэхэд шууд л мөнгөө төлөөд худалдан авдаг байсан бол одоо Т+3 гэдэг зарчимаар харилцагч мөнгөө гурван хоногийн дараа ч шилжүүлж болох учраас брокерууд нь өөрсдөө төлбөрийн баталгааны санд мөнгөө байршуулсан байх хэрэгтэй гэсэн шаардлага тавиад байна. Төлбөрийн баталгааны сан, барьцаа хөрөнгө байршуулах тал дээр харилцан ярилцаж, үнийн дүнг тогтоох хэрэгтэй гэдэг шаардлагыг бид Монголын хөрөнгийн биржэд тавьсан. Энэ байдлаараа бол олон компани арилжаанд оролцож чадахгүй, харилцагчаа алдах, дампуурах байдалд хүрч болзошгүй байна.
Монголын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногоос эхлэн хөдөлгөөнд орлоо. Шинэ систем нэвтрүүлсэнтэй холбоотойгоор бүх юм шинэчлэгдэх нь эхнээсээ ийнхүү тодорхой болж буй бөгөөд энэ нь багагүй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй нь байна. Хэрвээ Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд брокеруудын шаардлагыг хүлээн авахгүй бол Санхүүгийн зохицуулах хороонд хандахаа тэд мэдэгдээд байна.