-Үндсэн хуулийн Цэцийн 20 жилийн ойд зориулан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Энэ эрдэм шинжилгээний хурлаас ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Үндсэн хуулийн Цэцийн 20 жилийн ой тохиож байна гээд бид баяр ёслол, наадам хийе гэхээсээ илүү 20 жилийн хугацаанд хийсэн ажилдаа дүгнэлт хийж, цаашид бид юуг, анхаарч, юу хийх ёстой юм бэ гэдгийг ярилцая гэж олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэ хуралыг Үндсэн хуулийн Цэц, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулж, өөрсдөө хуралдах бус гадны улс орнуудтай хамтран хийсэн хийгээд хийх гэж буй ажлуудаа дүгнэн ярилцлаа. Хуралд Турк, Солонгос, Герман, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүгч, эрдэмтэд оролцож байна. Эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь дээрхи таван орны Үндсэн хуулийн шүх, шийдвэр гаргадаг үйл ажиллагаа, цаашид боловсронгуй болгох зорилготой юм.
-20 жилийн үйл ажиллагааг дүгнээд хэлэх юм бол Үндсэн хуулийн Цэц үүргээ хэрхэн биелүүлсэн байна вэ?
-1992 онд Үдсэн хуулиар Монгол төрийн Үндсэн хуулийн институт болох Үндсэн хуулийн шүүх гэдэг байгууллагыг байгуулсан нь маш зүйтэй болсон байна гэдгийг энэ 20 жилийн хугацаанд харуулж чадсан гэж дүгнэж байна. Үндсэн хуулийн шүүгч нь өөрөө Үндсэн хуулийн манаач, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг байгууллага. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр болон Ерөнхий шүүгч, прокурор зэрэг бусад албан тушаалтны шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Энэ хяналт тавьж байгаа нь энэхүү албан тушаатан, шийдвэр гаргагчид нь улс эх орныхоо төлөө, хүнийхээ төлөө үйл ажиллагаа явуулж байгааг хянаж, иргэнийхээ эрх ашгийн төлөө ажиллахыг хэлж байгаа юм. Гэвч зарим үйл ажиллагаа нь нийгэмд, төрд халтай шийдвэр гарахыг үгүйсгэж болохгүй. Тиймээс Үндсэн хуулийн Цэц гэсэн хөндлөнгийн, хяналтын байгууллага дэлхийн II дайнаас хойш олон оронд байгуулагдаж эхэлсэн. Учир нь Үндсэн хууль эргээд шийдвэр гаргагч, байгууллага болон иргэд Үндсэн хуульд халдах явдал гардаг, гарах нь ч бодит нөхцөл учраас энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг юм. 20 жилийн өмнө буюу анх байгуулагдаж байхад жилд 30 өргөдөл, гомдлыг шийдвэрлэдэг байсан. Гэтэл одоо бараг өдөрт 30 өргөдөл, гомдол ирж, шийдвэрлэдэг болсон. Энэ нэг талаар 20 жилийн үр дүн байх гэж бодож байна. Цэц нь өөрөө хүний эрхийг хамгаалдаг их том байгууллага гэдэг нь харагдаж байгаа юм.
-Сүүлийн үед өдөрт 30 гомдол гаргадаг болсон гэж байна. Энэ нь нэг талаар шийдвэр гаргагчид болон хууль тогтоогчдын гаргаж байгаа хууль нь сул байгааг харуулаад байх шиг?
-Нийгмээ хөгжүүлж байгаа сайн хуулиуд байгаа. Гэхдээ сул хуулиуд бас байна. Сул хууль яагаад гарч байна гэхээр иргэд УИХ-д сул хүн сонгоод, тэр сул хүмүүс нь сул хууль батлаад байгаа юм. Нийгмийн хөгжлөө дагаад сул хууль гардаг. Нөгөө талаар хууль явж байгаа хөгжлийн явцад сул болох зүйл байдаг. Өөрөөр хэлбэл, хуулиа шинэчлэн найруулахгүй болохоор сул болж байгаа юм. Мөн иргэд өөрсдөө хуулийн болон улс төрийн өндөр мэдлэгтэй болж эхэлж байна. Иргэд сул хуулийг олж мэдэж, өргөдөл, гомдол гаргаж, энэ хууль миний эрхийг зөрчиж байна, миний ашиг сонирхлын зөрчилтэй таарахгүй, миний эсрэг байна гээд өргөдөл гаргаж байна гэдэг чинь иргэдийн улс төрийн боловсрол маш өндөр болсонтой холбоотой байгаа юм. Иргэний гаргасан өргөдлийг Цэц хүчингүй болгох гэдэг юм уу арга хэмжээ авч байдаг. Сул хууль гарч ирж байгаа гол шалтгаан нь иргэдийн улстөрийн соёл, ухамсар, мэдлэг өсөхтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэн шинээр батлагдсан хууль өөрийн нь эрх ашгийг зөрчиж байгаа олж хараад Үндсэн хуулийн Цэцэд хандаж, гомдлоо шийдүүлж байгаа нь нийгмийн хөгжлөө дагаа хүмүүсийн боловсрол, мэдлэг өндөр болж, хуулийн цоорхой гэдэг зүйл арилна гэж байгаа юм. Иргэд Үндсэн хуулийн Цэцийг ажилтай болгож байна, Цэц ажлаа идэвхитэй хийж байгаагийн илрэл нь өдөрт олноор ирж байгаа гомдлуудаас харж болж байгаа юм.
-Иргэдийн ухамсар, улс төрийн соёл өндөр болсон байна гэж байна. Тэгвэл аливаа хууль, тогтоомж баталж байгаа эрх бүхийн байгууллага сул ажиллаад байсан гэсэн үг үү?
-Бид байгуулагдсан үедээ бол жилд 30 орчим гомдлыг шийдвэрлэдэг байсан. Гэтэл одоо жилд 200-300 өргөдөл гомдол Үндсэн хуулийн Цэцэд ирж байгаа юм. Ирж байгаа гомдлуудыг үзэхэд, улс төр, эдийн засгийн гэхээсээ илүү эрхзүйн том үр дагавартай шийдвэрүүд гаргаж байна л даа. Ер нь бол УИХ, Засгийн газар, Дээд шүүх гэдэг ч юм уу өндөр албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцэхгүй шийдвэрүүд гаргаж байна.
-Эрдэм шинжилгээний бага хуралд мөн таван улсын төлөөлөгч ирсэн байна. Тэдний туршлагыг сонсч байхад Үдсэн хуулийн Цэц 20 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эргэн харвал олон улсын төвшинд хэр хүрч ажиллаж байна вэ?
-Монголчууд дунд сургууль, дээд сургууль гээд л бүх зүйлээ дэлхийн төвшинд хүргэнэ гэж ярьдаг болсон. Гэтэл бодит байдалд бид дэлхийн төвшинд хүрэх болоогүй байгаа. Бид бүс нутагтаа, Азид, тэр дундаа зүүн Азийн бүс нутгийн төвшинд сатандартаараа эхлээд ойртох ёстой юм. Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсыг Европын стандартад хүргэе гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, бид байшин барих монгол стандарт гэж гаргаж ирэхийн оронд Европын байшин барих стандартыг авчраад, харин түүн дээрээ монголын хүйтэн цаг агаарт таарсан тэр стандартыг бид Европын стандартын барилгатай нэгтгэх ёстой юм. Европын стандартаас аваад бид өөрсдийн уур амьсгал, нөхцөлд тааруулах юм бол их хөгжинө. Үүнтэй адилхан бид Үндсэн хуулийн стандартыг өөрийн стандартдаа нийцүүлэн аваад түүндээ өөрсдийн онцлог, шаардлагыг нийцүүлэн ажилласнаар олон улсын Үндсэн хуулийн институт хэрхэн ажиллаж байна гэдгийг харж, ажиллах болно. 1990-ээд оноос хойш социалист дэглэмээс ардчилал руу шилжсэн бүх орнууд Үндсэн хуулийн институтийг байгуулж эхэлсэн. 1990-2000 оны хооронд Азийн 20 гаруй орон Үндсэн хуулийн шүүхийн байгууллага байгуулсан байгаа юм. Өнөөдрийн энд ирсэн улсын төлөөллүүд монголын 20 жилийн түүхтэй Үндсэн хуулийн цэцтэй нас чацуу гэсэн үг юм. Тэгэхээр бид ижилхэн төвшинд өсч яваагийн хувьд хэн нэгнээсээ туршлага судалж, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдгээ ярилцаж байгаа учир нь энэ юм. Гэхдээ бид Үндсэн хуулийн институтаа улам сайжруулая гэвэл европын стандартад шилжих ёстой байгаа юм. Манайх бол Герман улсын жишигийг дагаж байгуулагдсан. Тиймээс цаашид бид Европын стандартад шилжихийн тулд тэдний стандартыг оруулж ирнэ, гэхдээ монголын нийгэмд тохирсон уламжлалыг их анхаарах шаардлага бий болж байна.
-Эрдэм шинжилгээний хуралд тавигдаж байгаа илтгэлүүдэд Үндсэн хуулийн хямрал гэж их яриад байна л даа. Та ч мөн энэ сэдвээр илтгэл тавьж байна?
-Судлаачийн хувьд энэ сэдвийг сонгож авсан юм. Хямрал нь Үндсэн хуулийн дотоод зөрчил гэхээсээ илүү Үндсэн хуульд хандаж байгаа хандлага, улс төрийн хямралаас болж Үндсэн хуулийн хямралыг дагуулдаг. Даяарчлагдаж байгаа энэ үед эдийн засаг, эрчим хүчний хямралууд улс төрийн хямралд нөлөөлж байгаа юм. Улс төрийн хямрал нь Үндсэн хуулийн хямралыг дагуулж, энэ нь манайд нөлөөлөөд байна уу гэдэг үүднээс судалж илтгэ тавьсан. Үндсэн хуулийн хямрал бол Үндсэн хуульт байгуулал, улс төрийн тогтолцоонд хамгийн их аюул занал учруулдаг зөрчлийн хурц хэлбэр. Үндсэн хуулийн хямрал нь нийгмийн оюун санаа, эдийн засаг, улс төрийн хүрээг хамарсан, Үндсэн хуулийн тогтолцоог бүхэлд нь тогтворгүй байдалд оруулдаг зөрчлийн онцгой хэлбэр мөн. Үндсэн хуулийн хямралын үед Үндсэн хууль, түүний бодит хэрэгжилтийн хооронд үлэмж зааг гарч, тэдгээрийн хоорондын тэнцвэрт байдал алдагдаж, улмаар Үндсэн хуульд зарчмын өөрчлөлт оруулахгүйгээр Үндсэн хууль хэвийн үйлчлэх боломжгүй болдог. Үндсэн хуулийн хямралаас гарах нэг гарц нь Үндсэн хууль түүний хэрэгжилтийн уялдааг хангахад нийцүүлэн Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн шинэ тогтолцоог бий болгож, нийгмийг задрал, бутралаас гаргаж, Үндсэн хуулийн бодит дэг журмыг тогтоох явдал гэж зарим судлаачид үздэг. Сүүлийн үед Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байгаа хандлагын талаар ярихдаа, дэлхийн энэ хандлага Монгол Улсыг ч тойроогүй. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Монголд жинхэнэ Үндсэн хуулийн хямралын эхийг тавьсан. Цаашид бид Ерөнхийлөгчийн дэргэд Үндсэн хуулийн комисс байгуулж эрдэмтэн, судлаачдыг голлон оролцуулж, Үндсэн хуулийн хэрэгжилт, үр дүнг бүхэлд нь судлан тооцож, түүнд шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, төсөөллийг боловсруулах саналыг Үндсэн хуулийн цэцийн даргын хувьд дэвшүүлж байгаа юм.
-Үүнд төрийн зүгээс ямар оролцоог хийж болох вэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн дэргэд Үндсэн хуулийн комисс байгуулна гэж байна. Үүнээс өөр юу хийж болох вэ?
-“Үндсэн хуулийн цэц ба Үндсэн хуульт ёсны төлөвшил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа нь цаашид бид юу хийх вэ гэдэг гаргалгааг гаргаж ирэх юм. 1992 онд батлагдсан Үндсэн хууль Монголын нийгэм, төрийн байгуулалтад онцгой шинэчлэл хийсэн учраас нийгмийн эрх зүйн ухамсар, Үндсэн хуульт ёсны төлөвшилд шинэ хандлага бий болсон гэж үзэх нь онол, арга зүйн хувьд илүү зохимжтой бөгөөд Үндсэн хуульт ёсны төлөвшилд төрийн зүгээс тусгайлан анхаарах шаардлага бий болгож байгаа юм. Дэлхий дахинаа Үндсэн хуульт ёсны төлөвшилд Үндсэн хуулийн шүүхийн роль нэн өндөрт тавигдаж байгаа бөгөөд нэг талаас төрийн эрх барих байгууллага, эрх мэдэлтнүүдийн хууль дээдлэх ёсны хэмжүүр гэж үзэх талтай. Үндсэн хуулийн шүүх ялангуяа түүний шийдвэр эрх баригч бүхэнд таалагдах нь тийм ч элбэг биш боловч ардчиллын тулгуур эрх ашгийг хамгаалагч хэн бүхний эрх ашигт нийцэж байгаад түүний мөн чанар оршиж байгаа юм. Монгол Улсад Үндсэн хуульт ёсны төлөвшил жам ёсны дагуу явагдаж байгаа боловч түүний амин сүнс болох хууль дээдлэх ёс албан тушаалтан, эрх мэдэлтний төвшинд удаашралтай, хангалтгүй байгаагаас улбаалан нийт иргэдийн хүрээнд ч төдийлөн сайн хэрэгжихгүй байна гэж эрдэмтэд хэлж байгаа юм. Ардчилсан Үндсэн хуулийн үр дагавар бол шударга шүүхтэй байх, шударга шүүхтэй байхын үр дагавар нь зөвхөн хуульд захирагдсан хараат бус шударга шийдвэр гаргаж чаддаг, гарсан шийдвэр нь ягштал хэрэгждэг байхад оршдог. Үндсэн хуулийн хяналт, эрх хэмжээг боловсронгуй болгоход Үндсэн хуулийн хяналтыг тасралтгүй амьд байлгах, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулах, түүнчлэн Үндсэн хуулийн эрх зүйн онолын төвшинг дээшлүүлэх хамгийн чухал зүйл юм.
-Сүүлийн үед Үндсэн хууль өөрчлөлт оруулна гэж яриад байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшүй шаардлагатай болоод байна уу?
-1924 оны Үндсэн хуульд хэд хэдэн өөрчлөлт орсон байдаг. Гэхдээ Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөлт оруулсан байдаг юм. Мөн 1940, 1960 онд Үндсэн хуульд өөрчлөлтүүд орсон байдаг. 1960 онд хамгийн их өөрчлөлт орсон. 1992 оны буюу дөрөвдэхь Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт хийж, энэ нь Үндсэн хуулийн бус аргаар хийгдсэн. Энэ 2000 онд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртлэх улс төр, Үндсэн хуулийн хямралыг бий болгож байна гэж би боддог. Өнөөгийн парламент Үндсэн хуулийн бус аргаар оруулсан долоон өөрчлөтөө буцааж Үндсэн хуульд оруулах ёстой. Тэгэхгүй бол Үндсэн хуулийн, төрийн хямрал үргэлжлээд л байна. Мөн бусад хуулийн суурь нь Үндсэн хууль учраас өөрөө тогтвортой байх ёстой. Төрийн дээд байгууллагуудын хооронд эрх мэдэл хуваах зарчим гэж байдаг. Засгийн газар, УИХ, Ерөнхийгч нь бие биедээ хяналт тавих байгууллага. Гэтэл манайд Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэж Үндсэн хуульд заасан байгаа гэтэл өнөөдөр манайд ямар байгаа билээ. Тэгхээр Засгийн газар нь УИХ-ын эрхэнд нөлөөлж, хяналт тавих боломжгүй болж байна. Гэх мэтийн улс төрийн болон эрхзүнй системийн хямралд байна. Нөгөө талаар нийгэм, хүмүүсийн оюун санаа хөгжиж байгаа энэ үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хууль ч мөн хөгжиж байх ёстой юм. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн гишүүн энэ хуулийн өөрчлөе гэж ярихаас илүү судлаачид, эрдэмтэд, хуульч нар өөрчлөх шаардлагатай байна, ийм ийм зүйл нь болохгүй байна гэдгийг хэлэх ёстой юм. Парламентийн хувьд ажиглаж, цаг тухайд нь нэмэлт өөрчлөлт оруулж байх ёстой. Үндсэн хуулийг өөрчилж, нэмэлт оруулж, боловсронгуй болгоход санал нэг гэхдээ бидний ажил бол Үндсэн хууль хэн зөрчихөөс л хамгаалж байх байгууллага шүү дээ.