Зоос банкны удирдлагуудыг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Зоос банкны удирдлагуудыг шүүх хурал хойшлов

Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас эхлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь уг хэргийн улсын яллагч Ц.Насанбатыг сольсон байна. Тиймээс шинээр томилогдсон улсын яллагч хавтаст хэрэгтэй танилцах шаардлагатай байгаа аж.

Дээрх шүүгдэгчдийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.

Уг хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял оноосон ч 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж