Б.Амархүү: Урлагийн хүн бага зэргийн “маск”-тай байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Б.Амархүү: Урлагийн хүн бага зэргийн “маск”-тай байх хэрэгтэй

 Буриадын
ардын жүжигчин, Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү
өнгөрсөн пүрэв гаригт эх орондоо ирсэн. Түүнтэй уулзаж ярилцлаа.


-Өнгөрсөн жил ирэхэдтаны үсний засалт арай өөр байсан?

-Өө тэгэлгүй яах вэ. Өөрийн мэдэлгүй л өөрчлөх болох юм даа.

-Жил бүр ирэхдээ фэнүүдтэйгээ уулздаг, энэ удаад?

-Харамсалтай
нь энэ удаад фэнүүдтэйгээ зөвхөн Балхаа ахын тоглолтоор л уулзана. Өөр
тоглолт хийхгүй. Маш богино хугацаатай ирсэн. Удахгүй миний шинэ цомог
гарна, тэр үед Монголдоо ирж фэнүүдтэйгээ уулзахаар төлөвлөөд байгаа.
Том хэмжээний тоглолт биш, фэнүүдийн уулзалт болох юм.

-Цомог гэснээс дан монгол дуунаас бүрдсэн цомог хэзээ гарах вэ?

-Би
монголчууддаа зориулан цомог гаргана гэж амласан ч зарим нэг зүйлээс
болж хойшилсон. Цомог маань шинэ жилийн дараа юм уу, бүр өмнө ч гарчих
байх. Дараа нь Л.Балхжав ахтайгаа хамтарсан уран бүтээлээрээ бас нэг
цомог гаргахаар төлөвлөсөн байгаа.

-Л.Балхжаваас өөр хөгжмийн зохиолчтой ажиллаж байгаа юу?

-Мэдээж ажиллах байх. Б.Долгион ах ч юм уу, ер нь хэн ч хамтраад уран бүтээл хийхийг хүсвэл би бэлэн байна, чөлөөтэй.  

-Дуучин С.Жавхлантай хамтран дуулахыг хүсдэг гэсэн, түүнтэй уулзсан уу?

-Харамсалтай
нь би Жавхлан ахтай уулзаагүй. Өмнө нь ч уулзаж байгаагүй. Яагаад
гэдгийг би мэдэхгүй байна. Хамтарч дуулах уран бүтээл нь бэлэн болж
байж тэр талаар ярих байх.

-Одоо “Премьер Министр” хамтлагтаа дуулж байгаа биз дээ?

-Хамтлагтайгаа
уран бүтээл хийж байгаа. Гэхдээ өөрийнхөө бие даасан уран бүтээлээ ч
бас хийж байна. Манай хамтлагийнхан бүгд ая зохион, дуу бичдэг. Бичсэн
дуугаа Оросын алдартай дуучдад өгөх жишээтэй. Тиймээс бид бүгд
хамтлагийн уран бүтээл дээр, өөрсдийн уран бүтээл дээрээ ч ажиллаж
байгаа.

-Та “Премьер Министр” хамтлагтай хамтран бүрэн хэмжээний тоглолтоо сонирхуулж байсан. Хэзээ дахин тийм тоглолт хийх  вэ?

-Ер
нь бол хамтлагтайгаа ирж тоглолтоо хийх талаар бодож байгаа. Одоогоор
бол би өөрийнхөө цомгийн ажилдаа илүү түлхүү анхаарч ажиллаж байна. Уг
нь сая Халх голын 70 жилийн ойгоор хамтлагтайгаа ирнэ гэж бодож байсан,
харамсалтай нь чадаагүй. Харин дуучин Влада Комлеватай хамт ирсэн.

-Та “Оросын чарт” хөгжмийн нэвтрүүлгийг бэлтгэдэг байх аа?

-Яагаад
энэ хөгжмийн нэвтрүүлгийг хийх болсон бэ гэвэл, Монголынхоо хөгжмийн
урлагт нэг өөр урсгал оруулж ирэхийг хүссэн юм. Оросын шоу бизнест юу
болж байгаа талаарх мэдээллийг монголчууддаа хүргэж, Монголын урлагт
арай өөр зүйлийг нэвтрүүлэх гэсэн юм. Манай 90-ээд оны дуунууд,
хамтлагууд мундаг ш дээ. “Хурд” хамтлаг байна. Харин одоо бол чанартай
дуу, дуучид төрөхгүй байх шиг санагддаг. Ганц Монгол гэлтгүй Орост ч
адил, хуучны үе шиг мундаг дуучид байхгүй л байна.

-Таны студийн ажил хэр байна?

-Би
гэртээ “мини” студи нээсэн. Их амар. Гэртээ сууж байгаад л дуугаа
биччихнэ. Заримдаа гэнэт шөнө унтаж байтал шинэ санаа, ая толгойд орж
ирдэг. Тэр үед босоод л шууд студидээ бичдэг.

-Хувийн гэмээр асуулт асууя, найз бүсгүй Ольгатайгаа хамт амьдарч байгаа юу?

-Тийм ээ. Хамт амьдарч байгаа.

-Үнэнийг хэлэхэд таныг орос найз бүсгүйгээ монголчуудад танилцуулахад фэнүүд чинь тийм ч таатай хүлээж аваагүй?

-/Санаа
алдав/ Хүн болгон өөрийн бодолтой. Хүн болгонд таалагддаг зүйл,
таалагддаггүй зүйл гэж байдаг. Надад ч гэсэн таалагддаггүй зүйл гэж
байдаг. Одоо шинээр гараад байгаа дуучин Lady Gaga надад таалагддаггүй.
Дуулж чаддаггүй ч юм шиг, бүжиглэж чадахгүй ч юм шиг. Хамгийн сүүлд
“MTV Video Music Awards” дээр тайзан дээр сонин хувцаслачихсан.
Өөрийгөө харуулах гээд байгаа юм шиг. Тэр шагнал авахдаа нүүр нь
харагдахгүй улаан хувцас өмсчихсөн. Түүн шиг хүмүүст таалагддаг зүйл
байхад, таалагдахгүй нь бас байна. Би хэн нэгэнд хувийн амьдралд минь
оролцох эрхийг өгөхгүй. Энэ бол миний хувийн л амьдрал.

– Таныг мафид таньдаг хүн байдаг талаар би олон сониноос уншиж байсан юм байна?

-Манайхан
мафи гэхээр буруу ойлгодог. Тэд бол жинхэнэ хууль баригчид байдаг.
Үнэнийг хэлэхэд би “Народный артист”-ад орохоосоо өмнө ресторанд
ажилладаг байсан. Дөрвөн жил ажилласан. Тэр үед миний дуулах нь тэдэнд
талаагдаж, дуулуулдаг байсан. Нэрийг нь хэлээд яах вэ. “Народный
артист”-ад ороод Эрхүү рүү явах болоход надад нэг ч костюм байхгүй,
байсан. Тэгээд би тэдэн дээр очоод “Би нэг ийм конкурст оролцох гэсэн
хувцас байдаггүй” гэдгээ хэлсэн. Надад дөрөв хоногийн дотор костюм
оёулж өгсөн. Урт савхин костюм. Тэглээ гээд би тэдэнтэй хамт байдаг,
тэдний нэг гэж ойлгож болохгүй. Тэд бол хууль сахиулагчид.

-Бас саяхан нэг сайтаас таныг хувцасны дэлгүүр нээсэн талаар бичсэн байхыг уншсан, Москвад нээсэн юм уу?

-Ямар сайт?

-Монголын нэг сайт…

-Бодол
бол байгаа. Тийм бодол байгаа шүү. Монголынхоо үндэсний хувцас хийдэг
газруудтай гэрээ хийгээд, салбар дэлгүүр нээх ч юм уу, тиймэрхүү бодол
байгаа. Манайхан үндэсний хувцсаа их гоё оёдог болчихсон шүү дээ. Би
өнгөрсөн жил нэлээдийг худалдаж авсан. Орчин үеийн загварыг, үндэсний
хувцастайгаа гоё хослуулж хийдэг. Тийм дэлгүүр нээх хүсэлтэй байгаа.

-Сүүлийн жилүүдэд таныг их зантай болсон, оддын өвчин туссан гэж ярих хүмүүс олширсон байна лээ?

-Магадгүй
ээ. Би ойлгож байна. Гэхдээ би үүнийг байнга бодож явдаг. Оддын өвчнөөр
өвчлөхгүй байх хэрэгтэй гэж. Надад нэг найз маань хэлж байсан. Ямар ч
дуучин, урлагийн хүн тайзан дээр гараад бага зэргийн “маск”-тай байх
хэрэгтэй гэж. Яагаад гэвэл хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй цагаан хэл ам
хийчихдэг. Яахав муу саналгүйгээр, өөрсдөө мэдэхгүй магтаад, “Тэр гоё,
тийм ийм” гэж хэлээд цагаан хэл ам хийх зүйл байдаг ш дээ. Тиймээс
урлагийн хүн бага зэрэг масктай байх нь зөв гэж хэлж байсан юм. Би анх
“Народный артист”-ад түрүүлээд монголдоо ирэхдээ манай өвөө, эмээ тийм
хүмүүс, ээж, аав, дүү нар ийм тийм гээд л бүх зүйлээ ярьчихдаг байсан.
Харин одоо бол би хувийн амьдралаа ярих дургүй. Тэр миний л хувийн
амьдрал, уран бүтээлтэй минь хамааралгүй. Хүмүүс миний дууг сонсох
дуртай. Тиймээс би уран бүтээлийн талаар ярих бол нээлттэй, чөлөөтэй.
Харин хувийн амьдралаа дэлгэхийг хүсдэггүй. Тэглээ гээд сэтгүүлчийн
асуултад хариулахгүй, хариулахыг хүсэхгүй байна гэхээр хүмүүс буруугаар
ойлгодог. Тиймээс би өөрөө хариултаа сайн бодож, ухаантай хариулт өгөх
хэрэгтэй. Өөр нэг үнэнийг хэлэхэд бас атаархал гэж юм байна шүү дээ.

-Удахгүй шинэ жил болох гэж байна, шинэ жилээ Монголдоо тэмдэглэж болохгүй юу?

-Харамсалтай
нь чадахгүй. Би өөрөө хүссэн ч чадахгүй. Би цагаан сараар, шинэ жилээр
монголдоо аль болох ирэхийг хүсдэг. Гэвч шинэ жилийн үеэр урлагийнхан
хамгийн их эрэлттэй байдаг, мөнгөний ажил ихэсдэг гэж ойлгож болно.
Хамт олон байгууллага шинэ жилийн баяраараа хамтлаг дуучдыг урьж
дуулуулдаг. Шинэ жилийн баяраар Монголын урлагийнхан бас Оросууд шиг
зохиомж хийдэг, тэрэнд нь оролцоод хамт байхыг хүсдэг ч боломжгүй зүйл
л дээ.

-Ярилцсанд баярлалаа.

М.Дөлгөөн /2009 оны 11 сарын 2/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж