Хөрөнгийн биржид юу болоод байна вэ?

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржид юу болоод байна вэ?

Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудаас энэ асуудтад хариулт авахыг хүссэн боловч тодорхой тайлбар хийхийг хүссэнгүй.  Учир нь өчигдөр тус бирж арилжаагаа MIT шинэ системээр явуулсан нь Монголын үнэт цаасны ажил эрхлэгчдийн холбооны 100 гаруй брокер диллерийг ажил хаяхад хүргэсэн байна. Тиймээс ч өчигдрийн үнэт цаасны арилжаанд ердөө тавхан компани л оролцсон гэнэ. Өдөртөө хэдэн арван сая, цаашлаад зуун сая гаруй төгрөгийн үнэт цаасны арилжаа хийдэг Монголын хөрөнгийн бирж өчигдөр ердөө л 191 төгрөгийн тавхан ширхэг хувьцаа арилжсан гэх мэдээлэл байна.

Монголын үнэт цаасны зах зээлд тоглолт хийдэг брокерууд яагаад гэнэтхэн ажил хаяж, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эсэргүүцэх болсон нь бас учиртай юм байна. Өөрөөр хэлбэл,  Монголын хөрөнгийн бирж шинэ системийг суурилуулж, энэхүү шинэ системийн програмаар арилжаа хийх болсонтой холбоотойгоор арилжааны шимтгэлийг нэлээд өндөр тогтоосноос болоод Монголын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компанийн эсэргүүцэлтэй тулгарах болсон байна.  Шинэ системийн арилжаанд оролцсон компаниуд өндөр шимтгэл төлөх болсон нь ийнхүү борокеруудын бухимдлыг төрүүлсэн ажээ.  Мэргэжлийн байгууллагууд болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос дээрх асуудлаар Хөрөнгийн биржийн удирдлагуудад ярилцсан ч тусыг олоогүй байна. Тэд шинэ систем суурилуулснаар төлөх шимтгэл өндөрсөхөөс өөр аргагүй байгаа гэдэг тайлбарыг л өгдөг гэнэ.  Өчигдрийн арилжаанд оролцсон таван брокер диллерийн компаниуд бол“Монет капитал”, “ТDB капитал”, “Голомтсекюритиз”, “Фронтиер”, “Бидисек”  гэнэ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэгдээгүй байгаа хэрнээ яагаад шимтгэлийг нь шинэ системийн нэрийн дор нэмэх болсныг ч брокерууд ойлгохгүй байгаа бөгөөд хэрвээ энэхүү шинэ журмаа Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд эргэж харахгүй бол цаашид ч үнэт цас арилжаалах үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Ямар ч байсан Английн хөрөнгийн биржтэй 14 сая ам.долларын гэрээ байгуулсны дагуу суурилуулсан MIT шинэ систем Монголын хөрөнгийн бирж болон брокер диллерийн компаниудын хооронд асуудал үүсгээд байгаа бөгөөд хэрвээ энэ янзаараа брокерууд үнэт цаас худалдах үйл ажиллагаанд оролцохгүй бол олон зуун сая төгрөгийн хохирол Монголын эдийн засагт учирч болзошгүй байгааг зарим эдийн засагчид анхааруулж байгаа юм. Үнэтэй баг хөлсөлж, өндөр үнэтэй орчин үеийн техник хэрэгсэл суурилуулж, цоо шинээр төрсөн юм шиг болноо гээд байсан Монголын хөрөнгийн бирж дээрх асуудлаас болоод харин ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээч л битгий болчихоосой билээ дээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж