Боомын голомт руу 15 хүн зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Боомын голомт руу 15 хүн зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Нийслэлийн Налайх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт боом өвчин гарсантай холбогдуулан 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Төрбаттай ярилцлаа.

-Хорио цээрийг хэзээ цуцлах вэ. Өвчний голомтот газарт дахин хүн, мал өвчилсөн үү?

-Халдварын голомтод нэмж хүн, мал, амьтан өвчлөхгүй бол. Мөн мэргэжлийн байгууллагуудын гаргасан энэ дэглэмийг цуцлах санал, дүгнэлтийг үндэслэн энэ сарын 06-нд хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэр гаргах болно. Хэрэв халдварын голомтод хүн, мал, амьтанд дахин боом өвчний шинж тэмдэг илэрвэл хорио цээрийн хугацааг сунгаж, хэрэгжүүлэх арга хэмжээг илүү нягтруулан, хүчирхэгжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар нэмж өвдсөн гэх мэдээлэл алга байна.

-Хорио цээрийг хир зайд тогтоосон бэ?

-Голомтын газарт дөрвөн өрхийн 20 гаруй хүн, 1000 гаруй мал байгаа. GPS-ээр тогтоосон нь зайд буюу 3 км радиустай зайд хорио цээр тогтоосон. Гэхдээ нутаг дэвсгэрийн хэмжээ гэхээс илүү өвчин илэрсэн айлуудын малтай ус, бэлчээр нэгтэй айлуудыг оролцуулан энэ зайг гаргасан.

-Голомтын газарт байгаа хүмүүст нарийн шинжилгээ хийсэн. Хариу гарсан уу?

-Нарийн мэргэжлийн шинжилгээг хүн бүрт хийсэн. Шинжилгээгээр голомтын газарт байгаа хүмүүст боом өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Голомтод байгаа хүмүүст өдөр бүр үзлэг тандалт хийж байгаа. Үнээ нь үхсэн айлын хөршүүд болох 30 орчим насны хоёр залуу гартаа ил шархтай байсан. Гэхдээ тэр хоёрт ямар ч шинж тэмдэг илрээгүй, мөн шарх нь эдгэсэн. 

-Ил шархтай байсан нэг хүний шарх идээлсэн гэх мэдээлэл байсан?

-Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл байна.

-Голомтын газраас гарсан нэг хүнийг нийслэлд эрэн сурвалжилж байсан. Олж тогтоосон уу?

-Тогтоосон. Тэрээр өвчнийг илрэхээс өмнө нийслэлд хувийн ажлаа хөөцөлдөхөөр явсан байсан. Хөл хорионы хугацаа дуустал нийслэлд байя гэсэн байна лээ.  Гэвч түүнийг ирж, гэр орон, мал ахуйдаа анхаарал тавих хүсэлтийг холбогдох байгууллагууд сануулсан болохоор гэр рүү гээ буцсан.

-Ямар цэгүүдэд  ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа вэ?

-Налайх дүүрэгт гарсан голомтын газарт байнгын ажиллагаатай дөрвөн цэг байгуулсан. Голомтод хоёр цэг, Тэрэлж, Налайхруу салдаг зам дээр нэг, зүүн бүсийн аймагруу явдаг замд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа. 

-Налайхад тогтоогоод буй хорио цээрийн бүс рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх мэдээлэл байна?

-Үнэн. Иргэдэд анхааруулж хэлсээр байтал хорио цээрийн бүс рүү дур мэдэн нэвтэрч байна. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнт эргүүлийн эргүүл гүйцэтгэж буй зайд нэвтрэх явдал хоёр  ч удаа гарсан.

-Эдгээр иргэдэд ямар арга хэмжээ авсан бэ?

-Хоёр тээврийн хэрэгсэл, нийт 15 зорчигч зөвшөөрөлгүй хорио цээрийн бүс нутагруу нэвтэрсэн. Эдгээр иргэдийг хорио цээрийг цуцлах хүртэл голомтын газраас гаргахгүй байх шийдвэр гарсан. Цаашид халдварын голомтруу дур мэдэн, хурдтай тээврийн хэрэгсэл ашиглан орсон тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорьж, хорио цээрийн бүсэд хязгаарлана.

-Ямар зорилготой хорио цээрийн бүс рүү нэвтэрсэн юм бол?

-Бидний авсан мэдээллээр зарим нь голомтын газар амьдардаг дөрвөн өрхийн ах дүү, хамаатан садан нь байсан. Мөн амралтын өдрүүдэд ах, дүүгийндээ агаар салхинд амрахаар хорио цээрийн бүсийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн байгаа юм.

-Голомтот газарт байгаа малд боом өвчнөөс сэргийлэх вакцин хийсэн байсан уу?

-Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийх арга хэмжээ төлөвлөгөөний дагуу хийгддэг ажил юм. Түүнээс биш улсын хэмжээнд бүх малд энэ вакциныг тарьдаггүй. Боом өвчин гарсан болон шаардлагатай гэж үзсэн тохиолдолд л энэ вакциныг хийдэг. Энэ ХХАХҮЯ-ны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Мал, эмнэлэг үржлийн газраас боомын вакциныг тарих ажлыг зохион байгуулдаг. Одоогоор Налайх дүүргийн боомын голомтод байгаа 1000 гаруй малд вакцин хийсэн. Одоо дархлааны төвшин хир байгааг шалгах үлдээд байна.

-Боом өвчний халдвар хэрхэн халдварладаг вэ?

-Боом өвчний нян газрын хөрсөнд тусгай хуяг байдлаар хадгалагдаж байгаад  энэ өвчнөөр үхсэн малын сэг зэмийг дур мэдэн хөндсөнөөс нян үрждэг. Ингээд нян үржсэн газраас хоол, тэжээлээр дамжин мал, амьтан энэ өвчнийг тусдаг.

-Боомоор өвчилсөн малд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Богино хугацаанд өндөр халуурах, хоол тэжээлдээ дургүй болох, цочролын сэрлийн байдалд ордог. Мөн энэ өвчнөөр үхсэн малын сэг зэм нь хөшилтгүй болох мөн ам, анус зэргээс бүлэгнэлтгүй шингэн гардаг. Гэхдээ энэ өвчнөөр үхсэн эсэхийг мэргэжлийн хүн л ялгаж, оношилно.

-Ямар замаар хүнд халдварладаг вэ?

 -Энэ өвчин нь байгалын голомтот халдварт өвчинд тооцогддог. Өөрөөр хэлбэл өвчилсөн мал амьтныг нядлах үед биедээ шарх авбал эсвэл энэ өвчний халдвартай газар нутагт газар шорооны ажил хийх үед ил шарх авсан тохиолдолд энэ өвчний халдварыг авна. Ер нь хүн ил шархтай байх юм бол энэ өвчнийг тусах хамгийн том шалтгаан болно. Мөн цөөхөн тохиолдолд амьсгалын замаар хүнд халдварлах тохиолдол ч байдаг.

-Хүн боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэж болдог уу?

-Болохгүй. Тухайн хүн боом өвчин туссан тохиодолд л энэ вакциныг хийлгэнэ.

-Боом өвчин гарч болох хамгийн эрсдэлтэй аймгуудын тухайд?

-Ер нь бол Хангайн бүсийн аймгууд боомын голомтот бүс юм. Тодруулбал, Архангай, Булган, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Төв гэх мэт аймгууд нь боом өвчний байгалийн голомтуудтай.

-Манай улсад боом өвчний гаралт хир байна?

-Энэ жил улсын хэмжээнд боом өвчний хувьд өмнөх онуудтай харьцуулахад тоо болон тохиолдлын хувьд маш байгаа юм. Гэхдээ бага байна гээд энэ өвчинтэй тэмцэх ажлыг орхигдуулж болохгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагууд стратегийн төвшинд бодлого боловсруулан хамтарч ажиллаж эхэлсэн.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж