Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадам олон шинэ сюрпризээр дүүрэн байх тухай бид эхнээс нь мэдээлж байгаа. Төрийн соёрхолт дуучин Д.Болд монгол ёсолгоог дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа бол наадмын нээлтийг Урлагийн Гавъяат Зүтгэлтэн найруулагч Ч.Ганхуяг дэглэж байгаа гээд энэ жилийн наадмын хүлээлт өндөр байгаа. Тэгвэл саяхан эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан МУГЖ Э.Амартүвшин энэ жилийн баяр наадмын нээлтийг “Монгол далай” хэмээх дуугаар эхлүүлэхээр болоод байгаа аж. Э.Амартүвшин өнгөрсөн сард дэлхиийн бүхий л шилдэг дуурийн дуучдын мөрөөдөл болсон дуучдын “The Placido Domingo’s Operalia” уралдаанд тэргүүн байрт шалгарч, дэлхийн шилдэг баритон гэдгээ харуулж чадсан алдарт дуучин билээ. Үүгээр ч зогсохгүй сонгодог урлагийн олимп гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрт шалгарч байсан.
Энэ жил Э.Амартүвшиний од нь гийсэн жил болж байна. Олон уралдаан тэмцээнд оролцож Монголын сонгодог урлагийн чансааг дэлхийд баталсны дээр, монгол түмний их баяр цэнгэл наадмыг нээх хүндтэй үүрэг хүлээлээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN