Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил энэ өдрүүдэд үргэлжилж байна. Баяр наадмын үеэр үнэд хүрлэг хонь, ямаа хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг сонирхохоор 22-ын товчоог зорилоо.
Малчид, худалдаачид тэнд жил бүрийн жишгээр нэлээд цуглажээ. Ингэхдээ ачааны машинд ачсан амьд хонь, ямааг шинжиж, худалдаж авахаар ирсэн байв. Энэ хавиас амьд хонийг 100-180 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой аж. Доод тал нь буюу 80 мянган төгрөгийнх нь хамгийн туранхай хонь байсан гэдгийг сануулъя. Харин ямааг 100-120 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Товчоо орчимд хонь, ямаа зарж буй малчид, наймаачтай уулзав.
-Хонь худалдаж авах хүмүүс хэр их байна?
-Баяр наадмын үеэр хамаатан саднаараа ч юм уу нийлж хонь худалдаж авах нь жилээс жилд нэмэгдэж байгаа анзаарагддаг. Миний хувьд долдугаар сарын 1-нд Баянхонгор аймгаас хотод ирж, хонь зарж байна. Хүмүүс бодсоноос илүү худалдаж авч байна. Зарим нь газар дээр нь хэд хэдийг аваад наадмын өмнө бас ирж авъя гэж захиад явсан.
-Наадмын өмнө хонины үнэ тэнгэрт хаддаг шүү дээ. Ингэхгүй биз дээ?
-Энийг баталж чадахгүй. Олны жишгээр үнэ нэмэгдвэл нэмэх л байх даа. Хүмүүс ч ингэж нэмэгдэхийг мэдээд одооноос аваад байх шиг байна шүү дээ.