Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт дулааны цахилгаан станц барих ажил эхэлсэн байна. “Зууны мэдээ” сонинд мэдээлж буйгаар ДЦС-ыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайд түшиглэн барихаар төлөвлөж байсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан гэнэ. Могойн голын нүүрсний уурхайгаас нүүрсээ зах зээлийн үнээр худалдан авч, үйлдвэрлэсэн эрчим хүчээ хуулийн дагуу зохицуулалттай үнээр хэрэглэгчдэд хүргэх юм байна. ДЦС-ыг ашиглалтанд оруулснаар Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайн борлуулалт жилд 15 мянган тонн байсан бол 200 мянган тонн болж нэмэгдэх, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, дизель түлш худалдан авахад зориулан улсын төсвөөс жил бүр олгож ирсэн 13 орчим тэрбум төгрөгийн татаасыг хэмнэх ач холбогдолтой аж. ДЦС барих гэрээг 2010 онд УИХ-аас баталсан бөгөөд Концессын тухай хуулийн хүрээнд хийж байгаа Монгол Улсын анхны гэрээ бөгөөд нийт хугацаа 22 жил байх аж. Станцыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулах бөгөөд цаашид үйл ажиллагааны орлогоосоо өртөгөө нөхөж, гэрээний хугацаа дуусахад ДЦС-ыг төрийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх нөхцөлтэй юм байна.
Э.САРАА