Энэ л хөгжмийн гайхамшгаар үзэгч, сонсогчдынхоо сэтгэлийг догдлуулж, уярааж чаддаг уран бүтээлч бол яах аргагүй хийлч Дээгий буюу МУСТА Ч.Дэлгэрцэцэг. Тэрбээр сонгодог хөгжмийг таашаадаг хүмүүст зориулж уран бүтээлийн ээлжит бие даасан “Чайковскийн үдэш” тоглолтоо энэ сарын 7-ны үдэш Тусгаар тогтнолын ордонд хийх гэж байна.
Уг тоглолтод уран бүтээлчдийн тэр бүр халдаж тоглодоггүй, жинхэнэ хийлчдийн чансааг шалгадаг П.И.Чайковскийн хийлийн концертын гурван ангийг эгшиглүүлэх аж. Энэ ч утгаараа дэлхийн хэмжээний тоглолт болно хэмээн онцолж байна.
Арван жилийн өмнө уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүний зургаа дахь тоглолтод дэлхийн алдартай хийлчдийн нэг Дилана Женсон оролцохоор манай улсад хүрэлцэн ирлээ. Тэд тоглолтын бэлтгэл гээд завгүй ажлынхаа хажуугаар өнөөдөр Хөгжим бүжгийн коллежийн утсан хөгжмийн ангийн оюутнуудад туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөгөө өгсөн юм.