Шинэ Засгийн газрыг яаралтай эмхлэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газрыг яаралтай эмхлэх хэрэгтэй гэв

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хуралдаан хийлээ. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Хурлаар таван гол асуудалд анхаарал хандуулжээ.

Юуны өмнө УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой тул маргаантай тойргуудыг үлдээгээд шинэ парламентыг нэн даруй байгуулах ёстой гэжээ. Ганц нэг тойргийн маргаан будилаанаас үүдэж шинэ УИХ-ыг бүрдүүлэх үйл ажиллагаа тасалдах ёсгүй гэж үзсэн байна. Ойрын үед одоогийн УИХ-ын үйл ажиллагааг хааж, хаврын чуулганыг өндөрлүүлж, шинэ УИХ-ыг нэн даруй байгуулах хэрэгтэй. Шинэ УИХ-ын анхдугаар чуулганы бэлтгэлийг ханган хуралдуулах ёстой хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн нэр дээр албан бичиг явуулжээ. 

Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь иргэдийг аливаа хууль бус үйлдэлд турхирч, уриалж  дуудахгүй байхыг улс төрийн нам, улстөрчид, төрийн болон төрийн бус байгууллагуудад анхааруулсан байна.

Хэлэлцсэн гурав дахь асуудлаараа одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагчид, эрх баригчид хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүй байхыг хүсчээ. Дөрөв дэх асуудал нь одоогийн УИХ-ын бүрэн эрх өндөрлөхөөс өмнө Намын бүлэг хуралдаанаас хугацаагүй завсарлага авдгийг халах тухай Ө.Энхтүвшин нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах саналыг АН-ын бүлэг оруулж байгаа аж. Тав дахь асуудлаараа АН-ын бүлэг УИХ-д шинээр сонгогдсон гишүүддээ үүрэг өгч Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх бэлтгэлийг хангах, УИХ-ын тухай хууль, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуультай Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг нийцүүлэн боловсруулахыг даалгажээ. Үүний дараа АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид хэзээ өргөн мэдүүлж шинэ гишүүдийн тангаргийг өргүүлэх бол. Мөн АН Засгийн газар байгуулахдаа аль улс төрийн хүчинтэй эвсэхээ шийдсэн үү. Тухайлбал, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл эвсэх боломжтойгоо мэдэгдээд байгаа?

-Юуны өмнө төрийн залгамж чанарыг хангах чиглэлээр шуурхай ажиллах ёстой. Шинэ парламентыг яаралтай байгуулъя. Наадмын өмнө хуучин парламентыг хаах, шинэ парламентыг байгуулах ажлын аль алийг амжуулъя. Парламент бүрдмэгц хамгийн олон шуурхай ажлыг хийх нам бол АН. Үндсэн хуулийн дагуу УИХ-д олонхио бүрдүүлж Засгийн газраа байгуулах ажил цаг хугацааны  журмаар явна.
Одоо аль намтай эвсэх вэ гэдгийг хэлэхэд эрт байна. Эхний ээлжинд маргаангүй тойргуудын нэр дэвшигчдийн бүрэн эрхийг баталгаажуулах ёстой. Бүх ажлаа цаг алдалгүй явуулах ёстой.

-Сонгуулийн явцад сонгогчдын саналыг татаж, Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авахад нөлөөлөх гэсэн зөрчлүүд нийслэлийн Баянзүрх дүүрэг, Увс аймаг зэрэгт гарсан гэсэн мэдээллүүд байгаа. Хэрэв ийм зөрчил гаргасан бол Эрүүгийн хуулиар хэрэг үүсгэх боломжтой. Тэдгээр зөрчлүүдийн талаар ярих уу?

-УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа ярих боломжтой. Нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах, УИХ-д сонгогдсон байсан ч бүрэн эрхийг нь цуцлах хуулийн зохицуулалт хуульд орсон. Цааш цаашдын сонгуульд хуулиа дээдлэх үүднээс хуульд заасан санкцуудыг хэрэгжүүлэх ёстой.

-Хүний хөгжлийн сан мөнгөгүй болсон байна. Сангийн сайд олдохгүй байна. Засгийн газрын үйл ажиллагаа мөнгөгүйн улмаас зогссон байна. Айвенхоу Майнз компани нэрээ солиод хувьцаа гаргаж байна. Хэд хэдэн компани хувьцаагаа зарсан байна гэсэн яриа гадуур гарч байгаа. Үүнийг анхаарч байгаа юу?

-Нийгэмд ийм яриа гарч байна. Шинэ Засгийн газрыг яаралтай эмхэлж үйл ажиллагааг нь явуулах ёстой. АН бол одоогийн УИХ-д цөөнх. Болж байгаа үйл явдлуудыг УИХ-ын өнөөгийн удирдлага анхааралдаа авч ажиллах хэрэгтэй байна. АН-ын бүлгийн үйл ажиллагаа хэвийн явж байна гэлээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж