-Нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд 5-10 килограммтай гурил ховор байна. Яагаад ийн хомсдоход хүрэв?
-Зах зээл дээр дотоодын гурилын үйлдвэрүүдийн буудайн нөөц дууссанаас гурилын ханган нийлүүлэлт тасалдаж гурилын хомсдол үүссэн. Дотоодын зах зээл дээр буудай олдохгүй, хомсдолтой байгаа ч Тариалан эрхлэлтийг дэмжих санд Засгийн газрын мэдлийн 200 мянган тонн буудайн нөөц байгаа. Харамсалтай нь яам цаг алдалгүй дотоодын үйлдвэрүүдтэйгээ ам хэлээ ололцон, үнээ тохиролцож, буудай нийлүүлж чадаагүйн улмаас гурилын нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүсээд байна.
-Үндэсний статистикийн хорооноос саяхан гаргасан судалгаагаар махны үнэ өсөөгүй атлаа гурилын үнэ өссөн байсан. Гурилын үнэ яагаад ийн нэмэгдэв?
-Гурил үйлдвэрлэгчид ноднин намар буудайг тариаланчдаас тонныг нь 250-270 мянган төгрөгөөр авснаар нэг кг I зэргийн гурилыг 510-520 төгрөгөөр худалдан зах, дэлгүүрүүдийг хангаж байсан. Харин өнгөрсөн тавдугаар сарын дундуур буудайн нөөц дуусч хомсдол үүссэнээс хойш бараг сарын дараагаас буюу зургадугаар сарын 11-нээс Засгийн газар намрын нөөцөлж авсан буудайгаа 350 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа нь гурилын үнэ нэмэгдэх үндсэн шалтгаан болоод байна.
-Гурил хэдий хүртэл ингэж тасалдах вэ. Ямар арга хэмжээ авбал хэвийн хэмжээнд хангагдах бол?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гурилын үйлдвэрүүдэд түүхий эд болох буудайг тасалдалгүй нийлүүлсэн тохиолдолд гурилын нийлүүлэлт зах зээлд тогтвортой байна.
-Засгийн газраас дотоодын хэрэгцээгээ хангах, гурилын үнийг хэвийн барих зорилгоор “Атрын III аян”-ыг зохион байгуулсан биз дээ. Гэтэл яагаад он дуусах болоогүй байхад гурил хомсдчихов?
-“Атрын III аян” нь Монгол Улс хэрэгцээт улаан буудайгаа тариалж, импортыг орлож, үнээр өрсөлдөх чадвартай хямд үнэтэй гурилыг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ 100 хувь хангах зорилт тавьж байсан нь үнэн. Төр засгаас татвар төлөгчдийн асар их хөрөнгийг зарцуулан байж тус аяныг хэрэгжүүлсэн хэдий ч хямд үнэтэй импортын гурил өнөөдөр хүртэл байсаар л байна. Гэтэл дотоодын гурилын үнэ харин ч өсөх шинжтэй. “Атрын III аян” дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байрыг өсгөн нэмэгдүүлэх зорилгоо хангаж чадсангүй.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин