Жижигхэн Кипр Европын холбоог тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Жижигхэн Кипр Европын холбоог тэргүүлнэ

Ирж буй хагас жилд Кипр улс Европын холбоог тэргүүлнэ. Бүхэл бүтэн нэг тивийг хамарсан энэ нүсэр холбоог ийм жижигхэн орон тэргүүлж байгаа анхны тохиолдол нь энэ. Кипр улс ердөө л 800 мянга гаруйхан хүн амтай бол ДНБ-ий үйлдвэрлэлийн хэмжээгээрээ  евро бүсийн дөнгөж 0,2 хувийг эзэлдэг. Киприйн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 17,2 тэрбум евро болдог. Гэхдээ асуудлын гол нь жижиг улс гэдэгтээ бус. Европыг санхүүгийн нөхцөл байдал хүнд хэцүү үед л ийм том хариуцлага үүрч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тэгээд бас Кипр өөрөө энэ санхүүгийн хямралын  “хохирогч” орны нэг гэж байгаа.
Юутай ч өчигдрөөс эхлээд Кипр “Илүү сайн сайхан Европын төлөө” гэсэн уриа лозунтайгаар Европын холбоог зургаан сарын турш тэргүүлэхээр гараагаа эхэллээ. Энэ бол түүхэн үйл явдал төдийгүй бас түүхэн хариуцлага юм. Кипр 2004 онд Европын холбоонд элсэж, улмаар 2008  онд евро бүсэд орсон нь өнөөдрийн энэ түүхэн алхмын эхлэл болсон юм. Угтаж буй хагас жил Кипр улсын хувьд жинхэнэ шалгуур байх болно. Гэхдээ Европын холбооны тэргүүлэгчийн гол ажил хэрэг Брюссель хотноо өрнөдөг. Янз бүрийн түвшний 1,5 мянган албан болон албан бус уулзалтуудын 90 илүү хувь нь энд болдог. Хэдий тийм ч тэргүүлэгчийн нүсэр их ажлын зохион байгуулагч, хөтөч нь Никозия /Киприйн нийслэл/ болж таарна. Кипр тун цөөн төрийн албан хаагчидтай улс.  Том асуудлыг зохицуулахад мэдээж хүрэлцэх эсэх талаасаа хүндрэл гарах нь тодорхой. Гэхдээ хүндрэл үүгээр хязгаарлагдахгүй. Нүүрлээд буй санхүүгийн хямралыг Кипр дотооддоо төдийгүй бүс нутгийн хэмжээндээ хэрхэн даван туулах вэ. Тэргүүлэгчийн хувьд шинэ сэргэг ямар алхам хийх вэ. Асуудлын цөм эдүгээ гагц энд л төвлөрч байна.

Өөр нэг асуудлыг бас ажиглагчид онцолж байна. Тэр нь Киприйн нутаг дэвсгэрийн  тодорхой бус байдал, үндэстний хуваагдмал шинж. Энэ улсын нутаг дэвсгэрийн 37 хувь нь Туркийн хяналтанд байдаг. Кипр 2004 онд Европын холбоонд элссэн ч Киприйн үр дүнтэй хяналтад байдаггүй нутаг дэвсгэрт Евродын холбооны эрх зүйн систем үйлчилдэггүй.  Турк Киприйг тусгаар улсынх нь хувьд зөвшөөрдөггүй бөгөөд Европын холбоог тэргүүлэхийн эсрэг байгаа гэдэг нь тодорхой. Тиймээс Кипртэй холбоотой аливаа асуудалд хориг тавихаар төлөвлөж байна. Киприйн Гадаад хэргийн сайд Эрато Козаку-Маркули “Анкара ирж буй хагас жилийн турш бүхий л боломж чадлаараа Европын холбоог тэргүүлэх Киприйн үйл ажиллагаанд саад хийхийг оролдох нь тодорхой. Бидэнд зориулсан том жижиг сюрпризийг тэд бэлдэж байгаад эргэлзэх хэрэггүй” хэмээн  мэдэгджээ.

Энэ бүхэнтэй зэрэгцээд бас тус улсын өрийн асуудал ч босч ирж байна. Ийн юм юм давхцсан Киприйн тэргүүлэл эхэлж байна. Кипр өнгөрсөн долоо хоногт улсынхаа банкуудыг дахин сэргээхэд зориулсан санхүүгийн яаралтай дэмжлэгийг Евро комиссоос хүсээд байгаа билээ. Гэвч жижиг улсаас том бодлого гарахыг үгүйсгэх аргагүй. Энэ утгаараа Европын холбоог тэргүүлнэ гэдэг энэ улсын хувьд том шалгуур төдийгүй бас өөрийгөө харуулах боломж байх болно.

П.БУЛГАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж