АНУ-ын зүүн эргийн Баффало хотын уугуул П.Кэмпбелл Харвардын их сургуулийг захиргааны удирдлагын чиглэлээр дүүргэсэн бөгөөд Филиппин, Бельги, Хорват, Камбож, Швейцарьт дипломат албанд ажиллаж байжээ. Яг нэг жилийн өмнө АНУ Иракийн хамгийн том далайн боомт хот Басрад 44 жилийн дараа Консулын газраа дахин нээхэд П.Кэмпбелл тэргүүнээр нь томилогдсон байна. Б.Обамагийн засаг захиргаа П.Кэмпбеллийг Монголд томилохоор нэр дэвшүүлсний дараа буюу тавдугаар сарын 26-нд тэрбээр Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд үг хэлэхдээ, Америк-Монголын харилцааны өнгөрсөн болон өнөөгийн төлөв байдлын талаар олон сонирхолтой баримт дурдсан байна.
Тухайлбал, Монголд хамгийн анх ирсэн АНУ-ын иргэн 150 жилийн өмнө хөл тавьсан болохыг батлах баримтыг одоо байгаа элчин сайд Ж.Эддлтон олж гаргаж тавьсан гэдгийг дурьджээ. Мөн хоёр улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны онцгой чухал үед энэ албанд нэр дэвшиж байгаагаа тэрбээр хэлсэн юм.
Тухайлбал, Америк-Монголын худалдаа эргэлт 2011 онд түүхэн дэхь хамгийн өндөр хэмжээ буюу 300 сая долларт хүрсэнийг тэрбээр тэмдэглэн хэлжээ. 29-нд АНУ-ын Сенат Монголоос гадна Гамби, Балба, Мальдив, Мозамбик зэрэг есөн оронд ажиллах элчин сайдаа томилсон бөгөөд тэдгээрээс Азербайжанд суух элчин сайдын томилгоо дэлхийн хэвлэл мэдээлллийн анхаарлыг илүүтэй татаж байна.
АНУ-Монголын 25 жилийн дипломат харилцааны түүхэнд Улаанбаатарт томилогдсон есөн элчин сайдаас Монголд хамгийн элэгтэй, илүү монголжуу нь ч байж магадгүй Жонатан Эддлтон хэмээх эрхэм ийнхүү өнөө маргаашгүй нутаг буцах болов. Монголоос явсан ч, бидэнтэй хэзээд сайн нөхрийн холбоотой байх нь мадаггүй хүн билээ, энэ эрхэм. Монголтой амьдралынхаа нэгэн зурвас үеийг холбосон өмнөх найман сайд хаана явааг энэ дашрамд дурьдахад сонин байж магадгүй юм. Дуулиант “Wikileaks” сайтад буй Монголын талаарх нууц шифрүүдэд автороор тэмдэглэгдсэн М.Минтон Монголд ирэхээсээ ч өмнө Солонгосоор дагнаж байсан хүн бөгөөд одоо Америкт төвтэй “Солонгосын нийгэмлэг” (Korea Society) хэмээх томоохон байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Түүний өмнөх элчин Памела Слуц хатагтай Африкийн Бурунди хэмээх хэтэрхий өчүүхэн улсад дипломат албаны тэргүүнээр сууж буй. Тэрбээр Монголд ажиллаж байхдаа АНУ-ын ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, парламентын доод танхимын дарга нарын анхны түүхэн айлчлал, төрийн нарийн бичгийн даргын хоёр дахь удаагийн айлчлалыг зохион байгуулж байсан зангарагтай элчин сайд байв. 2005 оны 11 дүгээр сард Улаанбаатарт болсон томоохон уулзалт дээр энэ хатагтай манай Засгийн газрын нэг луйварчин гишүүнийг авлигачин гэдгийг нь улайтал нь хэлж хавь ойрынхноо сандаргаж байж билээ.
2000-2003 онд манайд сууж байсан Жон Дингер одоо АНУ-ын Төрийн департаментын Тагнуул, судалгааны товчооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Түүний өмнөх сайд Альфонс ла Порта Монголоос хариад Өмнөд Европ дахь эвслийн цэргийн командлагчийн улс төрийн зөвлөхөөр томилогдон гурван жил ажиллаад, Америкийн дипломат албанд 38 жил зүтгэсэн карьераа 2003 онд нэр төртэй өндөрлүүлсэн бөгөөд одоо АНУ-Индонезийн нийгэмлэгийн ерөнхийлөгч болжээ. Монголд зудын аюул нүүрлэсэн хүнд үед тэрбээр өвс ачсан машин дагуулаад малчин айлд хонож өнжиж шахам явсныг одоо талархан дурсах хүн манай хөдөөд бишгүй бий. Дээр нэр гарсан Л.Хэжбэт хатагтай 2009 онд Бруней улсад элчин сайдаар ажиллаж байсан мэдээ бий. Манайхны арай ч мартчихаагүй байгаа Дональд Жонсон гэдэг эрхэм одоо Экваторын Гвиней улсад элчин сайдаар ажиллаж байна. Монголд хамгийн анх биеэр ирж ажилласан АНУ-ын элчин сайд Жозэф Блэйк Улаанбаатарт 1990 оны долдугаар сард ирж байв. Тэрбээр өдгөө 71 настай бөгөөд 1997 онд дипломат албанаас тэтгэвэрт гарчээ. АНУ Монгол гэдэг улсыг 1987 онд Рональд Рейганы үед анх удаа хүлээн зөвшөөрсөн юм. Р.Рейган тэр үеийн Төрийн департаментын Хятад, Монголын хэрэг эрхлэх газрын бүсийн захирал Ричард Уильямсийг Монголд суух анхны элчин сайдад нэр дэвшүүлэн сенатаар томилуулсан билээ. Тухайн үед Улаанбаатарт ЭСЯ ажиллуулах техникийн бололцоо байгаагүй тул Р.Уильямс энэ албаа Вашингтонд хоёр жил сууж хашсан юм. Ийм тохиолдолд тухайн улсад суух элчин сайдыг аль бололцоотой хөрш оронд нь суулгадаг практик бий боловч энэ замаар явбал монголчуудыг Москва ба Хятадын хараат хэмээн дорд үзсэн болох вий хэмээн Р.Рейганы засаг захиргаа болгоомжилсны улмаас ийм шийдвэр гаргасан гэдэг. Ийнхүү Монголд очилгүйгээр Монголд суух элчин сайдаар ажилласан, АНУ-аас манайд томилогдсон түүхэн дэхь хамгийн анхны дипломат төлөөлөгч Р.Уильямс 1994 онд тэтгэвэрт гараад, Коламбиа болон Нью-Йоркийн их сургуульд долоон жилийн турш хятад судлалаар лекц уншсан бөгөөд эдүгээ 83 настай энх тунх аж төрж байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин