Зунаар будрах “цас” аюултай юу?

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Зунаар будрах “цас” аюултай юу?

Зуны дунд сард Улаанбаатар хотод “цас” орж байна. Орох орохдоо салхины аясыг дагаж, нүүр нүд рүү орох шахан малгайлан бударна. Хотын гудамж талбайг ч эрээн цоог болгожээ. Энэ “цас” бол мэдээж Улаанбаатар хотод зонхилон ургах улиас болоод улиангар модны хөвөн юм. Халуун зунаар жавартай өвлийг санагдуулан будрах уг “цас” заримынх нь сэтгэлийг хөдөлгөн, урмыг сэргээх боловч жил бүрийн урин цагаар харшлын өвчнөөр шаналах иргэдийн хувьд тоглоом биш шоглоом болно. Тэгэхээр зунаар будрах энэ “цас” үнэхээр харшил өвчний шалтгаан болдог уу?

21-р зууны өвчин гэгдэх харшил өвчний гаралт жил ирэх бүр нэмэгдэж, өвчин үүсгэгч нь ч олон янз болж байна. Нарны, ургамлын, тэжээвэр амьтны, ургамлын тоосонцорын, хоол хүнсний, угаалгийн болоод ариутгалын бодис болоод эмийн зэрэг энэ өвчний дэгдээгчид нь бидний амьдралын алхам тутам тааралдана. Манай орны хувьд улирлын чанартай буюу ургамлын тоосонцор, тэр дундаа шарилж  зэрэг зэрлэг ургамал, улиас, бургас гээд модлог ургамал, ерхөг, лууль зэрэг үрт харшилтай өвчтөнүүд зонхилж байна. Дөрвөөс наймдугаар сард дээрх ургамлуудын идэвхжлийн үе эхлэдэг бөгөөд энэ үеэс харшил өвчин дэгдэж эхлэдэг байна.

Улиас улиангар зэрэг манай хотыг чимж байдаг модод маань зургаагаас наймдугаар сарын хооронд тоосоо салхиар гүвдэг бөгөөд дээрх харшил үүрсгэх аюултай үүсгэгчдийн тоонд орж байна. Гэхдээ дээрх моддын хөвөн бус харин наймдугаар сарын сүүлээр цацдаг үр нь харшил үүсгэх аюултай гэнэ. Энэ талаар 1-р клиникийн эмнэлгийн харшил судлалын эмч Т.Рэгзэдмаагаас тодрууллаа.

-Харшлын өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ өвчин ер нь юунаас болж үүсдэг бол?

-Манай орны хувьд харшил өвчний дэгдэлт маш их гарах болсон. Ихэнх нь ургамлын тоосонцор, тэр дундаа зэрлэг болоод, модлог ургамлын харшил их гарах болсон. Энэ нь манай нийслэл хотод зэрлэг ургамал их ургадаг мөн хүнд харшил үүсгэж болох модод голдуу ургадагтай холбоотой. Эдгээр ургамлуудын идэвхижилтийн үеийг дагаад харшил эхэлдэг.

-Манай нийслэл хотод улиас болоод улиангар зэрэг мод ихээр ургадаг. Модны хөвөн хүнд сөргөөр нөлөөлөх үү?

-Одоо бол улиас модны хөвөнгөө салхиар дамжуулан цацдаг ид улирал нь юм. Эдгээр хөвөнгүүд нь хүний ам хамар мөн нүд рүү ордог, иргэдийг нилээн бухимдуулж байгаа. Гэхдээ эдгээр моддын хөвөн нь хүнд харшил үүсгэх нөхцөл болж чаддаггүй. Харшил үүсгэх шинж чанаргүй гэж хэлж болно. Харин наймдугаар сарын сүүлээр дээрх модод үрээ цацаж эхлэдэг тэр үеэр энэ төрлийн харшилтай хүмүүсийн өвчин эхлэдэг. Харшил өвчний үед нүд улайх загатнах, нулимс гойжих, хамар битүүрэх, дотор давчидах зэрэг хүндрэлүүд илрэдэг. Хүндрэхээрээ хойлооны багтраа  үүсгэх аюултай өвчин.

-Харшилтай хүмүүс өвчин юуг анхаарах шаардлагатай вэ?

-Одооноос харшил өвчний өвчлөл эхлэж байна. Наадмын дараагаас бүр ч нэмэгдэнэ. Учир нь энэ үеэр агаарт ургамлын тоосонцор хамгийн ихээр агуулагдаж байдаг. Тэгэхээр харшил өвчтэй иргэд маань юун түрүүн халуун үеэр гадаа гарахгүй байх. Мөн бороо орсны дараа ургамал тоосонцроо идэвхитэйгээр гөвдөг тул энэ үеэр аль болох гэрээсээ гарахгүй байх, цонхоо хаах, хэрэв гарахаар бол амны хаалт хийж гарах хэрэгтэй. Мөн харшилтай хүмүүс хүнсэндээ анхаарах шаардлагатай. Ургамлын идэвхижлийн үеэр аль болох түүхий ногоо жимс мөн айраг зэргийг хэрэглэхгүй байвал зохино.

-Харшил удамшдаг. Энэ төрлийн өвчтэй хүмүүс үр хүүхэд нь харшилтай болох вий гэсэн айдастай явдаг.

-Энэ өвчин удамшина. Гэхдээ иргэдийн дунд би шарилжны харшилтай тул миний хүүхэд бас шарилжны харшилтай болно гэсэн буруу ойлголт байдаг. Хэрэв эцэг эхийн хэн нэг нь харшилтай бол хүүхэд харшил өвчинөөр өвдөх магадлал 50 хувьтай байна гэсэн үг. Мэдрэг чанар нь нэмэгдэнэ гэсэн үг юм. Яг тэр төрлийн харшилтай болохгүй.

М.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж