Монгол Улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд өчигдөр Канберра хот дахь Түвдийн төлөөлөгчийн газарт зочилжээ. Элчин сайд Р.Болд өнгөрсөн зургадугаар сарын 27-нд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч хатагтай Квентин Брайс-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Элчин сайд Р.Болдыг Дээрхийн гэгээн Далай ламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонам Дагпо хүлээн авч уулзжээ. Элчин сайд Р.Болд, Далай ламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонам Дагпо нар Канберра хот дахь түвд иргэд болон Буддын шашны төв, Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалын талаар санал солилцсон байна. Канберра хот дахь Түвдийн төлөөлөгчийн газар Австрали дахь Буддын шашны төвүүдтэй нягт харилцаатай ажилладаг ажээ. Далай ламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонам Дагпо Дээрхийн гэгээнтнийг Австралид айлчлах болгонд Монголын элчин сайд нар заавал очиж мэндчилдэг байсныг онцолсон байна. Дээрхийн гэгээн Австралид айлчлах болгондоо тус улсад амьдарч буй Буддын шашинт Монгол, Түвд, Бутанчуудын хүсэлтээр Буддын сургаалиас айлддаг гэнэ.
Н.Энх