Тагнуулын байгууллагын ажилтны өдрийг энэ жилээс эхлэн жил бүрийн долдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам”-д нэмэлт заалт оруулсан байна. Иймээс өнөөдөр ТЕГ нийт ажилчдадаа зориулан баярын хурал хийж, ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлсэн хүмүүсийг шагнаж урамшуулах юм байна.
Мөн ТЕГ-ын үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “Тагнуулын байгууллага 90” үзэсгэлэнг Дүрслэх урлагийн музейд энэ сарын 02-ноос 08-ныг хүртэл зохион байгуулж байна.
Д.ЖАРГАЛ