Шарапова тэргүүн чансаагаа алдах нь тодорхой болов

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Шарапова тэргүүн чансаагаа алдах нь тодорхой болов

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” Лондон хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өчигдөр болж эмэгтэйчүүдийн шигшээ наймд өрсөлдөх теннисчид тодорсон байна. Харин тус тэмцээнд түрүүлэх магадлалтай байсан ОХУ-ын теннисчин Мария Шарапова дөрөвдүгээр тойргоос тэмцээнийг орхилоо. Германы Сабини Лициски 6:4, 6:3-ийн харьцаагаар дэлхийн тэргүүн теннисчнийг буулган авч дараагийн тойрогт шалгараад байна. Өнгөрсөн сард “Францын нээлттэй тэмцээнд” түрүүлж, дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг Беларусын Виктори Азаренкагаас авсан Шарапова түрүүлэх магадлалтай хэмээн үзэж байсан билээ. Тэрбээр ирэх долоо хоногт гарах чансаанд дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг Беларусын Азаренка, Польшийн  Агнешка Радванска нарын хэн нэгэнд алдахаар болоод байна.

Өдгөө дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдэж буй Лициски Германы Кербертэй, Польшийн Агнешка Радванска (3) ОХУ-ын Мария Кириленко (17) нар наймны нэгийн шигшээд оноолт таарчээ.

“Их дуулга”-ын 13 түрүүтэй, ингэхдээ “Уимбльдон”-д дөрвөн удаа түрүүлж байсан АНУ-ын Серена Уильямс (6) болон энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий аварга Беларусын Азаренка нарын шилдэгүүд учраагаа буулгах аваас хагас шигшээд таарах аж.

Харин эрэгтэйчүүдийн хувьд дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович нутаг нэгт Троицкиг 6:3, 6:1, 6:3-ийн харьцаагаар төвөггүйхэн буулган авсан байна. Жоковичийн дараагийн өрсөлдөгч нь Францын Гаске (18), Германы Майер (31) нарын хэн хожсон нь байх аж.

“Их дуулга”-ын 16 түрүүт, өдгөө дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Швейцарийн Рожер Федерер ОХУ-ын Михайл Южнейтэй шигшээд наймд оноолт таарчээ. Южней дэлхийн чансааны 33-т эрэмбэлэгдэж буй бөгөөд түүний хувьд “Уимбльдон”-ы оргил амжилтаа үзүүлээд байна. Жокович, Федерер нар дараагийн тойрогт өрсөлдөгчөө буулгах аваас хагас шигшээд таарах билээ. Тэмцээнд түрүүлэх магадлалтай байсан Испаний Рафаэль Надаль хоёрдугаар тойрогт Чехийн Росолд ялагдаж тэмцээнийг орхисон юм.

Дөрөвдүгээр тойрогт Испанийн Дэвид Феррер (7), 2009 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга Аргентиний Хуан Мартин Дель Потро (9), Их Британийн тэргүүн теннисчин Энди Муррей (4) Хорватын Мэрин Чилич (16), Францын Жо Уильфред Цонга (5) Америкийн Мэрди Фиш (10) нарын шилдгүүдийн тоглолт өнөө шөнө болно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж