Ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа зарим нам, улс төрийн хүчний зүгээс сонгуулийн үр дүнг саармагжуулах, өрсөлдөгч намынхаа нэр хүндийг унагах, энэ бүхэндээ иргэдийг турхирах алхмуудыг эхлүүлж, цаашид ч эрчимжүүлэх төлөв ажиглагдаж байна. Хамгийн гол нь энэ нөхцөл байдал цаашид даамжирвал иргэдийн сонголт эрсдэлтэй байдалд орж, дараагийн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй юм. Үүнээс сэргийлэх, хаах хууль ёсны ганц арга бол сонгуулийн дүнг эцэслэн зарлах, баталгаажуулах явдал юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ шууд хамаарч байна гэсэн үг. СЕХ сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсан хэдий ч эцсийн байдлаар зарлахгүй удаж байгаа нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Үүнээс үүдээд янз бүрийн шахалт, дарамтаар сонгуулийн дүнг “засварлачихаж” болох юм шиг найдлага ялагдсан нам, хүчнүүдэд төрөөд байгаа бол иргэдийн хувьд Ардчилсан намын ялалтад итгэх эсэх эргэлзээг төрүүлж буй нь нууц биш. Чухам ийм нөхцөл байдлыг улс төрийн зарим нам, хүчнүүд ашиглан иргэдийн сэтгэл санааг тогтворгүй байдалд оруулах, сонгуулийн үр дүнг үнэмшилгүй болгоход чиглэсэн улс төрийн бохир арга ажиллагаа явуулж байгаа харагдаж байна. Энэ нь улс оронд ч, иргэд сонгогчдод ч ашиггүй. Тэгэхээр ийм сэдэл, сэмхий өгөөд байгаа нөхцөл байдлыг хаахын тулд Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг яаралтай зарлах, баталгаажуулах хэрэгтэй байна.
Сонгуулийн дүнг яаралтай эцэслэе
Сонгуулийн үр дүнд иргэд сэтгэл хангалуун байгаа ч зарим нам эвсэл ялагдалтайгаа эвлэрч чадахгүй байна.
З.БОРГИЛМАА