“Блумберг” мэдээллийн агентлаг ОХУ, Хятадын хооронд тавихаар төлөвлөж буй байгалийн хийн хоолойг өөрийн улсын нутаг дэвсгэрээр дайруулахыг Монгол Улс хүсч буй гэсэн мэдээллийг гаргасныг орчуулан хүргэж байна. Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан тавивал 1,000 км-ээр товчилно гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Блумбергт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Нөгөө талаар хийн хоолойг Монголоор дайруулбал нүүрсний хэрэглээнээс болж агаарын бохирдол хамгийн аюултай хэмжээнд очсон Улаанбаатар хотыг хийн халаалттай болгох боломж нээгдэх юм.
“Байгалийн хийн хоолой Монголд эдийн засгийн хувьд ч ашигтай. Бид хоёр хөршөөсөө энэ төсөлд биднийг оролцуулахыг ятгаж байгаа. Хятадын тал хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн. ОХУ-ын тал ч мөн адил” хэмээн ярьжээ. Эрчим хүчний хамгийн том хэрэглэгч Хятад руу ОХУ байгалийн хийн хоолой тавих асуудлаар арваад жил хэлэлцэж буй авч одоо хүртэл ямар ч шийдвэрт хүрээгүй байгаа билээ. Харин Монгол Улсад эдийн засгийг нь 17.3 хувьд хүргэсэн уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд эрчим хүчний асуудлууд тулгарч байгаа юм. Байгалийн хийн хамгийн том компани “OAO Gazprom” байгалийн хийн импортын үнэ дээр Хятадын төрийн өмчит “China National Petroleum” корпорацитай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа талаар “Газпром”-ын Москва дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Александр Медведев Блумбергт мэдээлсэн аж. Харин байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах саналын талаар огт сонсоогүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. Харин “ Газпром”-ын төлөөлөгч Сергей Купрянов “Бид техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлан гаргасан тодорхой чиглэлд эрчим хүч тээвэрлэхийг зорьдог” хэмээн мэдэгдсэн байна. “Газпром” Хятадад жилд 30 тэрбум метр3 байгалийн хийг өрнөдөөр дайруулан нийлүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ нь Хятадын 2011 оны эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэг хувь юм. Хятадын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жил 22 хувиар нэмэгдэж, жилд 130.7 тэрбум метр3 хүрсэн байна. Уг хоолой нь баруун Сибирь болон Казакстан, Монголын хилийн зурвасаар дайран Хятадын баруун хойд хэсэгт хүрэх аж. Гэвч Хятад улс хийн хоолойг хүн ам шигүү суурьшсан, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж буй зүүн хэсэг рүү тавихыг хүсч байгаа тул байгалийн хий жинхэнэ хэрэглэгчдэдээ очихын тулд урт зам туулна гэж төслийн инженерүүд тооцоолж байгаа гэнэ. Тиймээс “Газпром” зүүн Сибириэс Хятадын зүүн хэсгийн хэрэглэгчдэд байгалийн хий нийлүүлэх хоёр дахь хоолойг тавих асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. Гэвч ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев шингэрүүлсэн байгалийн хийн экспортын төлөвлөгөөг боловсруулсны дараа энэ асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн юм.
Үүний дараа “Газпром” Номхон далайн боомтуудад шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр зүүн Сибирийн хоёрдахь хоолойн төслийг түр хойшлуулсан байна. “Газпром” 2016-2017 онд шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэр байгуулж магадгүй байна. ОХУ, Хятадын талууд байгалийн хийн нийлүүлэлтийн асуудлаар энэ сард багтаан хоёр дах шатны хэлэлцээр хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн зургадугаар сарын 24-нд мэдэгдсэн юм. “Газпром” одоо Хятадын эрчим хүчний зах зээлд эзлэх байр суурь, байгалийн хийн түгээлт болон төлбөрийг тогтоохоор хэлэлцэж байгаа юм байна.
Өнгөрсөн долоо хоногт шинэ парламентаа сонгосон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгалийн хийг Монголоор дайруулах боломжийг судлах ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Шатахууны хэрэглээний 75 хувийг ОХУ-аас авдаг Монгол Улс нүүрснээс шингэн түлж гаргаж авах технологи нэвтрүүлэхийг зорьж байгаа билээ.