-УИХ-ын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль явагдаж, дүн нь гарч байна. Гадаадын нэр хүнд бүхий хэвлэлд Ц.Элбэгдорж даргатай Ардчилсан Нам сонгуульд яллаа гэж бичсэн нь андуурал байх. Ямар ч байсан Ерөнхийлөгч маань Ардчилсан Нам давамгайлсан төр засаг байгуулах гэж яарч байгаа болов уу?
-Шинээр сонгогдсон гишүүд маань ажилдаа хурдан орох, амлалтаа хурдан хэрэгжүүлж эхлэх сонирхолтой байгаа нь нийгмийн эрх ашигтай нийцэж байгаа байх. Сонгуулийн Ерөнхий Хороо Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн бариагүй байгаа. Ерөнхийлөгчид яарах шалтгаан байхгүй.
-Ерөнхийлөгч ажил ихтэй байгаа юу?
-Ажил ихтэй байгаа. Өдөр тутмын ажлаас гадна хуулийн байгууллага, эрдэс баялгийн салбар, улс төрийн намын, төрийн албаны гээд олон хуулийн төсөл боловсруулах ажилд анхааарч байгаагаас гадна хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо болох Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож үг хэлэхээр бэлтгэж байгаа. Уг хуралд нэр хүндтэй гадаадын олон зочид төлөөлөгчид ирж байгаа. Мөн баруун болон зүүн аймагт Төрийн тахилгын ёслолд оролцох төлөвлөгөөтэй. За тэгээд үндэсний их баяр Наадам, наадмын дараа Лондонгийн Олимпийн нээлтэнд урилгаар оролцож, Монголынхоо баг тамирчдыг дэмжих гээд ажил төрөл нь өдөр, цагаар төлөвлөгдчихсөн байгаа.
-Зарим нам Сонгуулийн санал хураалтыг гараар, уламжлалт аргааараа тоолье гээд байх юм? Энэ нь хэр хууль зүйн үндэслэлтэй вэ? Ялж, ялагдах соёл дутсаных уу, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Ардчилал гэдэг нь хуулийн дагуу ажиллаж, амьдрах ёс. Саяны сонгууль шударга, соёлтой, хуулийн дагуу явагдсныг ард түмэн, мөн гадаад, дотоодын бүх ажиглагчид хүлээн зөвшөөрч, сайшааж байгааг эхлээд хэлье. Сонгогчдын саналыг хэрхэн яаж тоолохыг, бас шалгаж нягтлахыг хуулиар нэгэнт зохицуулчихсан харилцаа. Олон жил төр барьсан буурь суурьтай нам батлалцсан хуулийнхаа эсрэг зүйл яриад явж байгаа нь харамсалтай. Наадамд ноёны бөх л түрүүлдэг ёс халагдаад удаж байгаа гэдэг шиг нэг нам төр барина гэсэн хууль хүчингүй болоод 22 жил болж байгаа шүү дээ. Хуулиа мөрдөхгүй бол сайн үр дагаварт хүргэхгүй нь ойлгомжтой.
-Сонгуулийн үеэр мөнгө төгрөг тараасан, хууль зөрчиж сурталчилгаа хийсэн, санал будилуулсан, төрийн албан хаагчид хуулиа мөрдөөгүй гээд зөрчил, маргаан цөөөнгүй гарсан. Үүнийг яаж шийдэх вэ?
-Сонгууль бол төр засгийг эмхлэн байгуулж байгаа туурга тусгаар улсын төрт ёсны нэн хариуцлагатай ажил. Хууль зөрчигдсөн л бол хариуцлагын асуудал орхигдох ёсгүй. Хуулинд гэм буруутай этгээдэд торгох, баривчлах, хорих, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татуулах, төрийн албанаас зайлуулах гээд олон санкци бий. Сонгуулийн зохион байгуулалт, хууль дүрмийг чанд сахиулах үүрэгтэй байгууллагууд болох СЕХ, хууль хяналтын бусад байгуулагууд сонгуулийн үеийн зөрчил , маргааныг сонгууль дуусчихлаа хэмээн нүд анин орхилгүйгээр нягталж, гэм буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Ингэж байж Монголын төрийн нэр хүнд, төрийн алба ажил цэвэршинэ.
-Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.
-Зүгээр ээ.