Украйны шилдэг боксчин Виталий Кличко парламентийн сонгуульд нэр дэвшээд буй. Хэрэв тэр сонгуульд хүчтэй байж, Украйны парламентад сонгогдож чадвал ирэх есдүгээр сард мэргэжлийн боксын рингээ үүрд орхино гэдгээ мэдэгджээ. WBC холбооны хүнд жингийн дэлхийн аварга, өдгөө 40 настай Кличко есдүгээр сарын 8-нд Москва хотноо Германы тулаанч Мануэль Чарртай нударга зөрүүлэх юм. Тэгэхээр мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдал амсаагүй герман эртэй хийх тэрхүү тулаан Кличкогийн хувьд эцсийнх ч байж болзошгүй юм. Өмнө нь нийслэл Киев хотын захирагчийн сонгуульд өрсөлдөж байсан Кличко энэ тухайд “Улстөрийн алба хашихын зэрэгцээ хүнд жингийн дэлхийн аварга байна гэдэг нэг л зохицохгүй байх шиг. Тиймээс сонгуулийн үр дүнгээс шалтгаалан спортын карьераа хэрхэхээ шийднэ” хэмээжээ.
Виталийн Кличко мэргэжлийн боксын рингэнд 46 тулаан хийснээс 44-т нь ялсан амжилттай. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард Британийн боксчин Дерек Чисораг онооны зөрүүгээр буулган авсан билээ.
С.ЦЭЛМЭГ