Хууль үйлчилдэггүй Засаг даргын орлогч

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Хууль үйлчилдэггүй Засаг даргын орлогч

УИХ-ын сонгууль зөвхөн нам, эвсэл, нэр дэвшигчдийг төдийгүй ард иргэдийг талцуулсан хэлбэрээр явагддаг болжээ.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараахан буюу 2012 оны зургадугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргын орлогч Ч.Ганхуяг АН-ын нэр дэвшигчдийн сонгуулийн ажилтны биед халдсан хэрэг гарсан. Тухайн өдөр сонгуулийн сурталчилгааны самбараа босгож байсан АН-ын гишүүдийг Ч.Ганхуяг хэл амаар доромжилж, дарамталжээ. Улмаар өөрийн эзэмшлийн “Mark II“ машинаар АН-аас нэр дэвшигчдийн шадар туслах Д.Гансэрээгийн "Nissan Patrol" маркийн машины араас хүчтэй мөргөж, зам тээврийн осол гаргасан байна.

Осол гарсны дараа Д.Гансэрээ шаардлага тавихад Ч.Ганхуяг нь агсран нүүрэн тус газар нь хоёр удаа цохиж танхайрсан аж. Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон бөгөөд түүний эзэмшлийн "Nissan Patrol" автомашинд нийтдээ 14 орчим сая төгрөгийн бодит хохирол учирсан байна.

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар 2012 оны зургадугаар сарын 4-ний өдөр Ч.Ганхуягийг Арвайхээр суманд авчран саатуулж, гаргасан зөрчилд нь эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Гэвч Ч.Ганхуягт хууль үйлчилсэнгүй. Тэрээр МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгуулийн сурталчилгааны явцад архи тараасан булхайг илчилсэн Хайрхандулаан сумын хоёрдугаар багийн иргэн Магсаржав, Батсүрэн зэрэг шударга иргэдийг дарамталсан байна. Тодруулбал, Цагдаагийн газрынхан Ч.Ганхуягийг саатуулсан хэрнээ эрх чөлөөтэй сэлгүүцэх боломж олгосноор тэрээр 2012 оны зургадугаар сарын 23-ны өдөр дээрх иргэдийн гэрт нь очиж дарамтлан өөрийн эрхшээлд оруулжээ. Үүнээс болж Магсаржав, Батсүрэн нар нутагтаа амьдрахад хүндрэлтэй болж, өмнө нь өгсөн ярилцлагынхаа эсрэг ярилцлагыг МАН-ын харьяа телевизэд өгөхөөс өөр аргагүйд хүрчээ.  Хэрэв Цагдаагийн байгууллага асуудалд улс төржилгүй хандсан бол Ч.Ганхуягт өөрийн намын сонгуулийн луйврыг нуун далдлах, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын архи тараасан үйлдлийг нуух боломж олдохгүй байсан юм.

Дээр өгүүлсэн явдал бол МАН-ын гишүүн, Хайрхандулаан сумын Засаг даргын орлогч Ч.Ганхуягийн өдүүлсэн хэргүүдийн зөвхөн нэг хэсэг. Ч.Ганхуяг нь архи уусан үедээ агсам тавьж, хүн зоддог төдийгүй асуудалд намчирхсан, өширхсөн байдлаар ханддагийг Хайрхандулаан сумын иргэд сайн мэддэг аж. Тухайлбал, Д.Гансэрээг зодож танхайрсан хэргээ зүгээр өнгөрүүлж хариуцлага хүлээхгүйн тулд мөнгө өгөхийг завдсан ч энэ оролдлого нь бүтээгүйд өширхөн осол гарсны дараа 2012 оны зургадугаар сарын 10-ны өдөр Д.Гансэрээгийн ээжийн төрсөн дүүг шалтгаангүйгээр Цагдаагийн газарт авчирч, долоо хоног албадан саатуулах тогтоолыг шүүхээр гаргуулсан байна.

Энэ мэтээр цагдаа, шүүхийг атгасан Ч.Ганхуягийн өдүүлсэн үйлдлүүдээс болж нутгийн иргэд айдас хүйдэст автаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж